Friday, July 27, 2012

Хөөрөг

Хөөрөг

Picture Хамрын тамхи хийх зориулалттай мана, хаш, чүнчигноров гэх мэт үнэт чулуугаар хийсэн эд. Толгой буюу тагийг оюу болон шүрээр хийж, утгуурыг алт мөнгөөр урлах нь бий. Хөөргийг бэл бэнчингээс хамааран эвэрний яс, мод, төмөр, шил, шаазангаар хийх тохиолдол ч бий. Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлж хэрэглэдэг байжээ. Хожим уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болжээ. Хөөргийг эрэгтэй эмэгтэй хүнийх гэж ялгадаг бол бэл чинээтэй өндөр албан тушаалтнууд хавтганы, ямбаны, ширээний хөөрөг гэж хэд хэдэн хөөрөг хэрэглэдэг байв. 
Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хоёр хүн тус тусын хөөргийг гарынхаа алган дээр хагас босоо барин солилцоно. Толгойг нь үл мэдэг онгойлгон өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө мөн тэр байдлаар нь буцаан барина. Солилцохдоо харшуулан дуугаргаж болохгүй бөгөөд эвдрэлцэхийн дохио хэмээн цээрлэдэг. Хөөргөөр амар мэнд асуухаас гадна эв түнжин эвдэрсэн, хоорондоо муудалцсан хүмүүс эргэн уулзаж тамхилан санасан бодсоноо ярьж, бие биендээ өс санахгүй явъя хэмээн эвлэрэх бэлгэдлийг илэрхийлж хөөрөг зөрүүлдэг ёсон бий.
Эрчүүд хөөргөө тохируулан урласан даалинд хийж бүсэндээ зүүх буюу өвөртлөн явна. Даалинг бөс даавуу, хоргой торго, булигаар савхи зэргээр хийж түүн дээр элдэв хээ угалз хатган чимдэг. Даалин бол эхнэр хүнийг хэр зэрэг уран шагладагийг, хадам нь бэрийнхээ оёдол хатгамалд хэр зэрэг уран болохыг шалгадаг шалгуур байжээ. Бөөрөөрөө нийлсэн хос хөөрөг ч байсан бөгөөд түүнийг ихэр хүүхэд төрсөн айлд бэлэглэдэг ёсон байв.
XYII зууны үед Европод орж ирсэн тамхи Хятадаар дамжин Монголд орж ирсэн гэдэг. Хамрын тамхи татах зуршил Манж, Түвдээс Монголд нэвтэрсэн бөгөөд хөөрөг ч мөн адил хятадаас гаралтай ажээ.  Хятад хөөрөгт нас, хээ угалз, хэн хийсэн гэдэг нь чухал байдаг бол монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, толгойн хийц чухал байдаг байна. Мөн тухайн хөөргийг төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаад хэрэглэж байсан бол их үнэ цэнэтэйд тооцогддог. Монголд ихэнхдээ хутагт хувилгаад, төрийн зарим дээд албан тушаалтны хэрэглээ байгаад хожим сүм хийдээс татгалзах үед үнэ цэнээ алдаж хэрэглээ нь багасчээ. 
Хөөрөгний хийцний тухайд манж, хятад, түвд, монгол гэсэн 4 хийц голлодог бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг нь тодорхойлох тийм ч амаргүй ажээ. Хөөрөгний амсар болон мөрийг имэрч үзээд хурц байвал орчин цагийнх, мөлгөр бол эртнийх хэмээн ялгахаас гадна найман мөртэй бол их гарын хөөрөг ажээ. Жинхэнэ хаш чулуун хөөрөг удах тусмаа өнгө орж үнэ цэнэтэйд тооцогддог байна. Хаш чулуу 7 төрөл байдаг бол мана чулуу 36 төрөл бий. Чүнчигноров хөөрөг гэхэд хүний нүдний хорыг өөртөө шингээдэг бол сүйжин хөөрөг хүний биед хэрэгтэй чийгийг өгч байдаг учраас говьд ангаж цангадаггүй гэнэ. Хаш хөөргийгбадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй байх, эр эмийн ариун ёсыг сахих, зүрх сэтгэлийн амар амгаланг олох, догшин авир занг номхотгох утга бэлгэдлээр хэрэглэдэг. Манан хөөргийг ихэвчлэн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг бэлгэдэж хэрэглэдэг бөгөөд 30-аад төрлийн мана байдгийн дотор халтар мана нь саа өвчин, үе мөч татах өвчнөөс сэргийлдэг байна. Харин шар мана ухаан санаа самуурахаас сэргийлдэг байна. Шүрэн хөөргийг атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулах, муу бүхнээс хамгаалах утгаар хэрэглэдэг ажээ. Ой тогтоолтыг сайжруулах, аянга цахилгаанаас хамгаалах, шарх сорвийг эдгээх, хоолойны өвчинд тустай гэж үздэг. Номин хөөргийг байнга биедээ авч явбал элдэв яр шарх, идээт үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, мэдрэлийн ядаргаа, цус багадалт зэрэг өвчинд өртөхгүй хэмээн үздэг байна. Сүүжин буюу усан молор хөөрөг нь хүмүүст сайн энерги авчирдаг бол сувдан хөөрөг урт удаан нас, эрүүл энхийг бэлгэддэг байна.  Оюу хөөрөг нь хэрүүл тэмцлийг номхотгох, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэх, гэр бүлийн үнэнч хайр дурлалыг бататгах бэлгэ тэмдэг болдог ажээ. Оюу чулуу элбэг дүүрэн амьдрал, амны хишгийг даллан дуудагч гэнэ.

хорхог


Picture
Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Олон хүн цугларсан томоохон арга хэмжээний үед хэрэглэх хорхогийг бог малын бүтэн махаар хийнэ. Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж түүхийрүүлэхгүйгээр нимгэлж бэлтгэнэ. Харин гэдэс дотрыг арилган цэвэрлэж тусад нь чанана. Хорхог болгох үйрэхгүй бөөрөнхий нягт чулуу сонгон авна. Урсгал усанд байж мөлийж бөхөжсөн чулууг ашиглахад илүү тохиромжтой. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргалтай хольж үелж өрөөд галлаж халаана. Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж ялигүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мөн давс, сонгино, саримас зэрэг халуун ногоог тохирох хэмжээгээр хийж амтална.
Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхааралтай ажиллах ёстой. Савны тагийг завсраар нь ялигүй уур гарч байхаар хийхгүй бол аюул ихтэй байдаг. Махыг жигд болгохын тулд савтай хорхогийг сэгсрэх, өнхрүүлэх зэргээр хөдөлгөнө. Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана.
Зарим газар хорхогны чанарыг сайжруулах зорилгоор архи нэмж хийх тал бий. Гэвч спирт түргэн уурших тул хорхогийг гаргах хооронд ууршиж арилдаг учраас энэ нь ач холбогдол багатай. Хорхогийн халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий ядаргаа, харшаанд тустай гэдэг. Хорхогийг ямарч малын махаар ямар ч нөхцөлд жижиг бетон савд хээрийн нөхцөлд малын гүзээ сархинагт нь ч хийж хэрэглэх бололцоотой. Гүзээ сархинагт хийх хорхогийн чулууг гадна талын гүзээнд хүргэж цоолохгүйгээр тал талаас нь шахаж эргүүлж тойруулах зэргээр болгоно.

Tuesday, July 24, 2012

Монгол

Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийсэн археологийн ажил археологчид болон генетикчидэд дуулиантай олдвор бэлгэлэлээ. Эрдэмтдийн олсон эртний хүний цогцсын үлдэгдэл, эртний нүүдэлчин омог хүннүчүүдийн гарал үүслийг мэдэхэд тус болно. Буриадын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Наталья Коломина, хүннүчүүдийн тухай одоогоор мэдэгдээд байгаа таамналаа манай сурвалжлагч Ольга Ивановатай хуваалцлаа. Монгол, Хятадын археологчид таван жилийн туршид Монгол улсын нутагт археологийн малталт хийж, мянган жилийн настай маш олон булш олж илэрүүлсэн юм Энэ үе бол Уйгарын хаанчлалын үе юм. Энэ хаанчлал 745 онд тал нутагт байгуулагдсан бөгөөд түрэгийн омгийн холбооны Түрэгийн хаанчлалын оронд бий болсон. Түүхийн эх сурвалжаас харахад энэ эртний улс одоогийн монгол улсын бүх нутаг болон хилийн улсуудын нутаг дэвсгэрт байрлаж байсан байна гэлээ. Эндээс олдсон янз бүрийн хэлбэр, хийцтэй эртний булшнууд тус улсын түүхэн дэх цагаан толбыг арилгахад тус болно. Монгол, Хятадын хамтарсан археологийн хэсэг 2000 жил газар дор байсан настай хүний араг яс олжээ. Өвгөн хүний араг ясны үлдэгдэлийг Дүүрэнгийн Харз гэдэг толгойлогч нарыг гол төлөв оршуулсан байдаг бунханаас холгүй олсон байна. Энэ өвгөн ч тэдний нэг байсан байж болох юм. Монгол улсын дорнод нутаг, хятадын хойд хилээс холгүй олдсон энэ араг яс ойролцоогоор 2000 жилийн настай бололтой. ДНК-г шинжилж үзсэн эрдэмтэд энэ хүн европ юм уу, баруун Азиас гаралтай гэж үзсэн байна. Гэхдээ энэ хүн Хүннүгийн эзэнт улсад өндөр зэрэгтэй байсан бололтой гэж Сөүлийн үндэсний их сургуулийн генетикч Ким Гён Ён болон түүний хамтран зүтгэгчид үзэж байна гэлээ. Монгол, Хятадын археологийн хамтарсан экспедиц ойрын жилүүдэд ажлаа үргэлжлүүлнэ. Энэ төсөл, Төв Азийн эртний нүүдэлчин ард түмний соёлыг танин мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нүүдэлчин ард түмний уг гарвалыг судлахад энэ археологийн олдвор ямар үүрэг гүйцэтгэх вэ? Буриадын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Наталья Коломина энэ тухай ийм санал бодолтой байна. Хүннүчүүдийн удам угсааны бие даасан байдлын талаар янз бүрийн таамнал байдаг юм. Тэдний уг гарвалын тухай эрдэмтэдийн санал байнга зөрөлддөг юм. Тэд монгол, түрэг, енисей гаралын алинд ч хамаарч болно. Хүннүчүүд нь, Уралын нуруу, Ижил мөрөн хавийн нутаг болон Евразийн агуу их тал нутгуудын омогууд холилдож 2-4 зуунд байгуулагдсан гүннүүд ч байж болох талтай. Тэдний дунд орчин үеийн түрэг хэлтнүүд, фин, угрогийн болон славян үндэстэнгүүдийн өвөг дээдэс байсан байж болно. Гэхдээ энэ таамнал бас л маргаантай. Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс олдсон эртний араг ясны үлдэгдэл болон ДНК-гийн шинжилгээ нь Зүүн хойд Азийн ард түмний үүсэл гарал, түүхийн таагдашгүй оньсгод хариулт өгнө гэж бодож байна гэлээ. Монгол, Хятадын археологчдын энэ төсөл, Төв Азийн эртний нүүдэлчин ард түмний соёлыг судлахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна

mongolian archelogy


Saturday, July 21, 2012

Чингисийн чулууны элшгүй бичээс

Чингисийн чулууны элшгүй бичээс

1224 оны намрын эхэн сарын шинийн 8-ны өдөр.Их орд, Хархираа голын хөндийд дэлхэн бууж овог аймгаараа нааш цааш сүлжилдэн давхилдаж нэг л хөл хөөртэй.
Чингис хаан их цэргийн хамт монгол төрийн алтан аргамж 100 элчийг харгислан хөнөөсөн Сартуулд дайлаар мордож өлмийдөө сөхрүүлээд буцаж ирсэн үе байлаа.
Эзний зарлигаар өнөөдөр баруун зүг дайлж ялсны баяр, басхүү төрийн их бичиг үсэгтэй болоод 20 он улирсны тэмдэглэлт өдөр бөлгөө. Тэмүжин "1204 он. Бид тэр жил олон ханлигын харь улсаас хараат тус тусын бичиг үсгийг халж Монгол даяар даган шийтгэх шинэ үсэг бичиг зохиолгосон нь эдүгээ..." хэмээн бодтол үүд сэвхийн нээгдэж Шигихутаг орж ирлээ. Тэрбээр мэхэсхийн мэндчилээд "Хаантан Та бичиг соёлын их ёслолд морилно уу" гэвэй.

Чингис хаан сүүн цагаан өнгөт дээл малгай өмсөж, алтан бүс бүсэлжээ. Түүний буурал сахлыг намрын сэвшээ сэрвэгнүүлэн таалж, хонин бор нүд, улаа бутарсан царайнаас нь инээмсэглэл, эргэцүүлэл гэрэлтэнэ. Их өргөөний баруун зүүн жигүүрээр эгнэн зогссон ихэс дээдэс, эрхтэн дархтан, эгэл олон мэхийн ёсолж хаантны амгаланг айлтгана. Тэгтэл баруун зүүн жигүүрийн төгсгөлөөс хуйлсан эсгий дэмнэн барьсан хоёр морьтон галигуулсаар наашилж эзэнтний өмнө жолоо татав.
Морьтон эрс эсгийгээ өндөр өргөн хуйлаасыг задлахад омголон морьд нь үргэн ухасхийснээ жолоо цулбуурын эрхэнд тогтож, агаар самардан эргэцнэ. Дун цагаан эсгий дээр монгол бичгээр "Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс эгүүрд оршмой" хэмээн зээгт наамлын аргаар урлан бичжээ. Энэхүү төрийн их бичгийн сүлд хийморийн өмнө Чингис хаан дор мэхийн хүндэтгэл үзүүлж адис авахад хурсан олон хурайлж баясна. Монгол төрийн бичиг үсгийн сүлд болох их цагаан хийморийг өргөөний өмнө түмний мэлмийд толилуулан залахад хурагсад дахин гурвантаа хурайлж хаантан суудалдаа сая залрав.
Баяр ёслол үргэлжилж овог аймгуудаас оюун билгээр шалгарсан хүүхэд, залуус үлгэр түүхийг дуудан уншиж, уран цэцэн үгс хэлэлцэн төрийн их бичиг, төрөлх хэлээрээ бахархан, төрсөн биеийн эрдмээр гайхуулна. Идэр залуу Гилүгэдэй баатар дуулал шүлгээ өргөж эмс охидын харц түүн дээр унана.
Жороо морь унаж жолоо цулбуурын хамт үйсэн самбар атгасан бичгийн мэргэд унаа хүлгийн явдал дунд бийр янтайгаа самбаачлан нийлж "Хэн хурдан болоод сайхан бичих вэ" хэмээн өрсөлдөх нь үнэнхүү сонирхууштай. Шалгаруулан дүгнэх албатай Шигихутаг, Мухулай нар огтхон ч чөлөөгүй хурдан бичээч нарын сорилго өндөрлөхөд хаантан баруун гарын алгыг олны зүг хандуулан нэгэнтээ дохив. Морьд тургилахаас өөр чимээгүй. Хаантан ийн хэлэв.
Тархай, бутархай байсан бидний улс өнөөдөр ирт сэлэм, эрх тушаалын дор бус, Монгол хэл бичиг, соёлын дор нэгдэн нягтарч чадав. Газар нутгийн заагийг дайсан этгээд даван орж ирж чадах боловч бидний зүрх, сэтгэпд орших хэл соёлын хил хязгаарыг эзлэн түрэмгийлж мөхөөх нь амаргүй билээ. Үүнээс бат нэгдэл үгүй. Бичиг минь тэнгэрт тэтгэгдэж, сум минь дэлхийг хэмжиж байг. Үүсгэсэн цэнгэлийг хөгжөөж хэний тавьсан сум хол тусахыг одоо үзсүгэй.
Тийнхүү бичиг үсгийн баяр цэргийн эрдэм сорилгоор дэлгэрэн үргэлжилж эрхийдээ эрчтэй эрсийн бах тавыг хөдөлгөнө. Баатар эрсийн тавьсан сумны исгэрэлт, багачууд хүүхдийн инээд хөөр, хөгжөөн талархагчдын уухай сонсогдоно. Мухулай, хаан андынхаа өмнө мэхийж "Таны ач, Есүнхэ мэргэн 335 алд харваж түрүүлэв" гэлээ.
Хаан баяртай мишээснээ, удтал бодол болон суув. Тэгээд суудлаасаа босч "Би нэгэн зүйл ухаарав. Есүнхэгийн энэ тавьсан сум намайг тэнгэрт хальсан дүүтэй минь учруулав. Миний дүү Хасар төрийн их бичгийг санаачлан зохиолгож, бичиг эрдмийг дэлгэрүүлсэн билээ. Түүний гавьяа тусыг сануулахын тулд өнөөдөр ач хөвгүүний сум төдий хол тусчээ. Би дүүгээ мартахыг шахсан ажгуу. Одоо бүх Монгол Улс Хасарын гавьяаг бүү мартаг.
Түүний хүү, миний ач Есүнхэгийн амжилтыг эмтэршгүй бөх чулуун дээр элшгүй эрдэнэ монгол бичгээр сийлэн мөнхжүүлтүгэй. Дүүдээ зориулсан хөшөө минь энэ болог. Үеийн үед та нар тэнгэрт тэтгэгдсэн энэ бичгээр удам судар, өв соёл, гал голомт, газар шороогоо тамгалж таньж явтугай гэвэй. Зарлигийг бишрэн даяар Монгол хурайлахад хаан Чингисийн мэлмий чийгтэж ирснээ "Хасар минь" гэж дуулдах төдий шивнэв.

Баянхар уулан дахь Харь гаригийн хүмүүсийн булш

Баянхар уулан дахь Харь гаригийн хүмүүсийн булш

       http://t3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRPUfc-mARpyRFuDgGRmU6HH93s5skwWk05HV1Aq7KTlC3dKCU5PgDAmTw

1937-1938 оны зааг дээр Хятад, Төвдийн хил залгаа Цинхай мужийн Баян-Хар уул хэмээх нурууны орчим Ши Пу-Тайн удирдсан археологичдын бүлэг нэвтрэхэд бэрх бүсийг судалсан байна. Тэд хана болтол нь тэгшитгэсэн хад илрүүлжээ. Тэрхүү хаданд харлан харагдах нүхнүүд нь зөгийн аварга том үүрийг санагдуулна. Археологичдыг тоолоход нийт 716 нүх байсан ба бүгд оршуулгын зориулалттай байжээ.
      Оршуулагдсан хүмүүсийн шарил эрдэмтдийн гайхлыг төрүүлсэн байна. Араг яс нь 130 см урттай, биендээ зохицоогүй том тархитай, нарийхан үе мөчтэй байжээ. Тэрхүү ханан дээрээс ямар нэгэн оршлын бичиг олдоогүй бөгөөд гагцхүү өөр хооронд нь цэглэсэн шугамаар холбосон Hap, Cap, од гаригсыг дууриалган зурсан зургууд, мөн үл ойлгогдох бичигтэй чулуун зээрэнцэгүүд илэрчээ.
     Ши Пу-Тай үүнийг устаж үгүй болсон уулын нэг төрлийн сармагчингуудыг оршуулсан, харин зээрэнцэг, зургуудыг энэ явдлаас хожуу аж төрж байсан хүмүүс үлдээсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Гэтэл сармагчингууд нас барсан нэгнийгээ нарийн дэс дараатай зэрэгцэн орших булшинд оршуулж байсан түүх үгүй.
     Хятадын Соёлын хувьсгалын үеэр ер бусын араг яснууд алга болж, 716 зээрэнцэг бараг бүгдээрээ эсвэл устгагдсан, эсвэл алдагдсан байна. Гэхдээ зарим нэг музейд Баянхар уулаас олдсон эд зүйлс азаар хадгалагдаж үлджээ.
Тэдгээр зээрэнцэгийн гадаргуугаас дагтаршсан чулуулаг наалдцыг хусч салгахад гайхалтай зүйл илэрчээ. Зээрэнцэгүүд кобальт болон бусад металлыг ихээхэн хэмжээгээр агуулж байв. Осциллографаар зээрэнцэгийг бүхэлд нь шинжлэхэд түүнийг тог дамжуулах зорилгоор хэзээ нэгэн цагт цэнэглэж байсан мэт хэлбэлзлийн хэмнэл илэрсэн байна.
     1962 онд Бээжингийн Шинжлэх ухааны академийн профессор Цум Ум Нуй зээрэнцэг дээрх бичээсийн заримыг хөрвүүлжээ. Гэвч тэр даруй профессорын судалгааг зогсоож, олон нийтийн хүртээл болгохгүйн тулд арга хэмжээ авсан юм. Учир нь Баянхар уулын орчимд 12 мянган жилийн өмнө харь гаригийнхны сансрын хөлөг сүйрсэн тухай мэдээллийг Цум Ум Нуй тайлжээ.
     Гэвч 1963 онд тэрээр эрдэмтний зориг гаргаж судалгааныхаа үр дүнг нийтлэхээр шийдсэн байна. Түүний бүрэн илтгэл өдгөө Бээжингийн Шинжлэх ухааны академийн архив, Тайван дахь Тайбейн түүхийн архивт хадгалагдаж буй. Тайлангийн хэсгээс сонирхуулъя:
     "Үүлсийн цаанаас агаарын хөлгөөрөө дропа ирж газардав. Нутгийн кхам омгийн эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд нар мандтал агуйд арван удаа нуугдав. Эцэст нь тэд дропа нар энэ удаад хар буруу санаагүй ирснийг ойлгов". Энэ бичээсээс дропа гэгч нар Баян-Хар уулын орчимд нэг бус удаа газардаж байсан, мөн тэд нутгийн ардуудад төвөг учруулдаг байсныг ойлгож болно. Удалгүй Цум Ум Нуй Япон руу цагаачилж, чулуун зээрэнцэгүүдийг судалсан тухай сүүлчийн тайлангаа бичээд 1965 онд нас барсан байна.
     Энэ явдлын дараахан Хятад зээрэнцэгийн тухай мэдээллийг үгүйсгэжээ. Гадаадын нэг эрдэмтэн Цум Ум Нуйн судалгааны талаар лавлаж Бээжингийн шинжлэх ухааны академид хандахад манайд ийм судлаач ажиллаж байгаагүй, тэр ч байтугай ийм нэртэй хятад хүн байдаггүй, кхам омгийн тухай ямар нэг мэдээлэл, баримт үгүй гэсэн хариу авсан байна.
     Хэсэгтээ намжсан энэ түүх 1979 онд дахин сөхөгдсөн юм. Австрийн сэтгүүлч Петер Красса сансрын гийчидтэй холбоотой элдэв домог, түүхийг сонирхон судалж, ном бичжээ. "Шар бурхад хэзээ ирсэн бэ?" номондоо тэрээр оньсогот зээрэнцэгийн асуудлыг хөндсөн байв. Харь гаригийнхны сэдэвт ээлжит бага хурлын дараа түүн дээр өөрийгөө инженер Эрнст Вегерер гэж танилцуулсан дунд насны хүн ирж, 1974 онд эхнэртэйгээ Хятадад очихдоо Баян-Хар уулын зээрэнцэгийг санагдуулам зүйл үзсэнээ хуучилжээ.
     Тэд Хятадын эртний хотуудын нэг Сианиар дайран гарсан байна. Энэ хотоос холгүй орших Баньпо хэмээх музейг чулуун зууны үеийн тосгоны суурин дээр байгуулсан байв. Музейн үзмэр дунд голдоо нүхтэй хоёр зээрэнцэг байхыг эхнэр, нөхөр Вегерер олж харжээ. Тэдний хувьд энэ нь бөөн завшаан болсон юм. Зургийг нь авч болох эсэхийг лавлахад музейн захирал эмэгтэй татгалзсангүй. Харин зээрэнцэгийн тухай сонирхоход захирал ээрч гацсанаа эдгээр нь шавраар хийгдсэн, эртний хүмүүс зан үйлдээ ашигладаг байсан, манай музейд зөвхөн шавар зүйл л тавигдсан байгаа гэжээ.
     Гэхдээ зээрэнцэгүүд харваас шавар биш байлаа. Вегерер гартаа барих хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд захирал мөн л зөвшөөрчээ. Зээрэнцэгүүд нэлээн жин татаж байв. "Би геологич биш л дээ. Гэхдээ гантиг чулуугаар хийгдсэн юм шиг санагдсан. Ямартаа ч энэ нь ногоон-саарал өнгөтэй, боржин чулуу шиг хатуу материал байсан. Захирал эмэгтэй эдгээр зээрэнцэг музейд ямар шугамаар ирсэн тухай ямар нэг мэдээлэлгүй байлаа" гэж Вегерер ярив.
     1994 онд Петер Красса Хятадад ирж, Баньпо музейгээр зочилжээ. Гэтэл 20 жилийн өмнө Вегерер зургийг нь авсан зээрэнцэгүүд байсангүй. 70-аад оны дунд үед музейн захирлаар ажиллаж байсан эмэгтэйг Европоос ирсэн хосыг зочилсны дараахан татаж, сураг нь алдарчээ. Музейн одоогийн захирал профессор Ван Жижүн зээрэнцэгүүдийг үзмэрээс хасаж, тэр цагаас хойш хэн ч барааг нь хараагүй гэжээ. Тэрээр: "Та бүхний сонирхлыг татаж байгаа тэр зээрэнцэгүүд одоо энд байхгүй. Учир нь тэдгээрийг хийсэн материал нь музейн үзмэрүүдээс тэс өөр юм" гэж хэлсэн байна.
     Сэтгэл нь гонсойсон Красса захирлыг элдэв асуултаар булж гарав. Аргаа барсан захирал түүнийг албан өрөөндөө оруулаад археологийн хятад сурах бичгийн хуудсыг эргүүлж гарав. Тэгснээ тэрээр нэг зураг руу хуруугаараа чичжээ. Тэр зурган дээр голдоо нүхтэй зээрэнцэг дүрслэгдсэн байв. Тэр бол Вегерер зургийг нь авсан өнөөх алдартай Баян-Хар уулын зээрэнцэг мөн байлаа.
     Нутгийн хууч яриа, домогт шар арьстай, үзэшгүй муухай зүстэй одой хүмүүс тэнгэрээс буусан тухай өгүүлдэг. Английн архивуудад 1947 онд Баян-Хар уулаар аялсан доктор Кэрил Робин-Эвансын тухай мэдээлэл хадгалагдаж байдаг. Тэрээр уулын орчим аж төрж байсан зопа хэмээх үндэстнийг илрүүлжээ. Зопа нар гадаад ертөнцтэй ямар нэг холбоогүй, алслагдсан ууланд амьдардаг бөгөөд өндрөөрөө 120 см орчим хүмүүс байв.
     Робин-Эванс тэдний дунд хагас жил амьдарчээ. Энэ хугацаанд тэрээр зопа нарын хэлийг сурч, түүхийг судалж, зан заншлыг ажиглажээ. Тэрхүү эрдэмтний хамгийн гайхалтай нээлт нь зопа үндэстний гарлын тухай домог байлаа. Тэд өөрсдийгөө Сириус гаригаас ирсэн хүмүүсээс гаралтай гэж үздэг байжээ. Зопа нарын өвөг дээдэс төрөлх гариг руугаа буцаад нисч чадаагүй бөгөөд Баян-Хар уулын бэлд амьдрахаар болжээ.
     1995 оны сүүлээр Төвдтэй хил залгаа Хятадын Сычуань мужид аж төрдөг, өдий хүртэл хүн төрөлхтний мэддэггүй омгийг нээсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг уламжилсан байна. Тэр омгийнхон ердөө 120-иодхон хүнтэй. Нэг гайхалтай онцлог нь тэдний өндөр юм. Хамгийн нуруулаг нь 1 метр 15 см-ээс хэтрэхгүй. Тэд арай өнөөх зопа, эсвэл кхам омгийнхны үр сад биш биз дээ? 
эх сурвалж http://ikhzasag_enh_ulzii.miniih.com/

Хүннүгийн шуудан дэлхийд анхдагч нь

Хүннүгийн шуудан дэлхийд анхдагч нь


Өртөө мэдээЦагаан хэрмээс хойшхи их уудам тал нутаг умардын нүүдэлчдийн уугуул нутаг бөлгөө. Хараа алдрам өргөн саруул тал, нүд гялбам сүрлэг цаст хайрханууд, дуулим түнэр ой шугуй нь тэрхүү нүүдэлчин овог аймгуудын эртний өлгий буюу. Өмнөд газрын шавар хэрэмд шавааралдан суух нангиадууд тэдний улсыг нум сумтны улс хэмээн нэрийднэ.  
Гайхалтай дайчин зоримог, эрэмгий чадалтай талын нүүдэлчид Хүннү улсын төрийг цогцлоон байгуулсан нь эдүгээгээс 2200 гаруй жилийн өмнөх хэрэг явдал. Хүннүчүүдийн харвасан сум мэт хурдан шаламгай, хаттай сэлэм мэт тэсвэр тэвчээртэй, харцага шонхор адил сэргэлэн цэвээ, талын чоно лугаа золбоо хийморьтой байдал нь өмнө зүгийн улс, аймгийнхны зүрхийг чичрүүлж зоригийг мохоосоор иржээ.
Хамгийн гайхалтай нь Хүннүгийн хаан хил хязгаар нутаг, алс бөглүү дайдын овог аймаг хийгээд атаатан дайсан, алалдах өштнийхөө тухай хэл сургийг бүхнээс түрүүнд сонордон болгоож чаддаг байв. Үүнийхээ хүчинд аян дайн болоход ямагт дайснаасаа өрсөн түрүүлж уухайлан довтолдог байжээ.
Энэ бүхний нууц нь Хүннү гүрний өргөн уудам нутгийг хэрэн давхих уургын улаа, буухиа элч нар байсан гэдэг. Эртний нүүдэлчдийн холбоо харилцааны анхдагч хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг зэрэг байжээ. Энэ бүхэн нь түүхийн уртад боловсрон хөгжиж ирсэн байна. Хүннү улсад Оуто ван буюу өртөө ноён хэмээх албан тушаал байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэжээ. Энэ бол өртөө, улаа хариуцсан өндөр албан тушаалтан байсан нь гарцаагүй. Хүннүгийн вангууд яаралтай бичиг, мэдээлэл, хэл сургийг эзэн хаандаа хүргэхдээ уургын улаа хэрэглэн буухиа элч довтолгодог байв.
Ийнхүү Хүннүчүүдээс улбаалсан өртөө улаа дайн дажин, тэмцэл тулаант түүхийн нугачаанд огт тасалдсангүй. Манай эриний IV зууны үед Тоба улсад фучжучтень буюу өртөөчин гэсэн албан тушаалыг хэрэглэж байсан бол түүнээс ялигүй хожуухан манай эриний 523 дугаар онд Жужаны хаан Аньхуань өртөөний морь, үхэр, хонь туулгаж явсан тухай түүхэн баримт бий. Мөн манай тооллын X зууны үед Кидан улсад хааны зарлигаар томилогдсон элчид унаа дайчлах зар бичиг, пайз буюу гэрэгэ тэргүүтнийг олгон зам зуур нь өртөө улаа хэрэглүүлдэг байв. Энэ бүхнээс үндэслэн Хүннүгээс үүсэлтэй Монголын морин өртөө бол дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн шуудан байсан гэдгийг түүхчид, эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн ажгуу. Нөгөө талаар Монголын морин өртөө нь орчин цагийн харилцаа холбооны анхдагч ууган төрөл болж чадсан юм.
Эзэнт гүрний элч уургын улааг халсан нь
...Өгөдэй хаан өгүүлрүүн: "Хаан эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн минь: Жахууд иргэн /Алтан улс/-д аялж, Жахууд иргэн /Алтан улс/-г мохоов, би. Нөгөө үйл минь бидний хооронд элч үтэрлэн довтолгохуй, бас хэрэг заргаа зөөлгөх зам тавиулав. Бас нөгөө үйл нь усгүй газар худаг эрүүлж, гаргуулж, улс иргэдийг ус өвсөнд хүргүүлэв. Бас зүг зүг хот балгадын иргэдэд алгинчин /толгойлогч/, тамгачийг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж агуулав, би. Хаан эцгээс хойш энэ дөрвөн үйлсийг нэмэв зэ.
Их Монгол улсын хаан Өгөдэй өөрийн гавьяа хийгээд гэм бурууг тоочин ийн айлдсан тухай Монголын нууц товчоонд дурдсан буй. Өгөдэй хааны бүтээсэн дөрвөн их үйлийн нэг нь элч үтэрлэн довтолгохуй хийгээд хэрэг зарга зөөлгөх зам тавиулсан явдал байжээ. Тэрбээр мэдээлэгч, захирагч нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны хувьд уургын улааг халсан томоохон дэвшил байсан юм. Их Монгол гүрний хэмжээнд өртөө байгуулах тухай Өгөдэй хааны зарлигт "Элч нарыг явуулахад явдал удаан, улс иргэнд зовлон буй учир огооторшуулан /журам болгон/ зүг зүгийн мянгатаас замчин улаачин гаргуулан, суурь суурьт зам өртөө үүсгэн элч нарыг хамаагүй улсаар үл хэсүүлэн давхиулах ба зөвхөн өртөөгөөр явуулах хэрэгтэй" хэмээн заажээ. Ийнхүү Их Монголын далай хааны зарлигаар 37 суурь өртөөг анх байгуулсан байна. Мянгат бүрээс суурь өртөө тутамд улаач, унааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр ногдуулан гаргуулах болов. Ийн суурь өртөө байгуулснаар морин улаачид тогтсон замаар зорчиж мэдээ дамжуулах, хэл хүргэх, зарлиг шийдвэрийг уламжлах албыг залгуулдаг болсон нь эдүгээгийг шуудангийн үүсэл байсан гэж үзэж болох талтай.
Өртөө зам нь зөвхөн Монгол орны дотор биш тухайн үеийн Монгол гүрний уудам нутаг дэвсгэрийг хамран байгуулагдсан байна. Өгөдэйн зарлигаар Цагадайн улс, Батын улс тус тусдаа салбар өртөөдийг угтуулан залгаж байгуулсан нь өөрийн гүрнийг нэгтгэн захирч байх гэсэн Монгол хаадын мэргэн бодлого байсан нь дамжиггүй. Тиймээс ч морин өртөө-шуудан нь Монголын их бага хаадын үед эзэнт гүрний сүр хүчний нэгээхэн илрэл, төр улсынх нь гол хөдөлгүүр болж байжээ. Монголын морин өртөө нь дундад зууны үеийн бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн боловсронгуй, эзэнт гүрний нөхцөл байдалд сайтар зохицсон хариилцаа холбооны хэлбэр байж чадсан юм.
Жишихийн аргагүй жигүүрт захиа
Монголын их хаан Хубилайн дэргэд 17 жил алба хашсан Италийн алдарт жуулчин Марко Пологийн тэмдэглэлд тэр үеийн эзэнт гүрний шуудан харилцааны тухай тодорхой дурдсан байдаг. Марко Поло Монголын эзэнт гүрний шуудан харилцаа өндөр хөгжсөн бөгөөд сайтар зохион байгуулагдсан байсныг олзуурхан бичсэн нь бий. Морин өртөө шуудангаар явуулах зүйлийн ачааны хүнд 70 жин буюу 42 килограмм, урт нь 13 ямх, өргөн нь долоон ямх, өндөр нь зургаан ямх /нэг ямх нь 3,2 см/ байхаар овор хэмжээг нь нарийн тогтоожээ. Мөн яаралтай шуудангийн гадна талд жигүүр агуулан явуулах, "нис, нис" гэсэн үг бичих, шувууны өд, морин туурай зурж тэмдэг томьёо хэрэглэдэг байв. Эзэнт  гүрний нийслэлээс дөрвөн зүг найман зовхист муж бүр лүү зорьсон зам зурайж тэр зам хаа хүрэхийг бичсэн байх тул төөрөх, саатах зүйл огт гардаггүй байсан гэнэ. Энэ бол эдүгээ түргэвчилсэн шууданд тусгай тэмдэг тавих, замын салаа чиглэлийг заадаг аргын үүсэл байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Өртөө бүрийн хоорондох зай 25-30 бээр. Энэ нь морины хурдлах чадварт тохируулсан хэмжээ байсан хэрэг. Өртөө бүр элчид зориулсан 300-400 морь бэлэн байлгадаг байв.
Монголчууд морин өртөө, шууданг анх бий болгосон төдийгүй өдгөөгийн шуудангийн маркыг мөн анх хэрэглэжээ. Эзэнт гүрний үед шуудангийн бичиг захидлын үнийг авч лан, пунгаар тогтоож, зохих үнэ төлбөрийг авч, албан шууданд ялгасан тэмдэг хэрэглэдэг байсан гэдэг. Энэ тэмдэг нь тухайн албан шууданг явуулж буй газар орон болон үнийг хураасан албан газрынх байдаг байв. Энэ нь одоогийн шуудангийн марк, тэмдэгтүүдийн эхлэл байсан гэж үздэг.
Монголын их гүрний аль нэг хэсэгт самуун гарсан, дайсан халдсан болон хэн нэг ноёноос их хаанд яаралтай айлтгал өргөх хэрэг гарвал онц яаралтай элч мордуулна. Ийм элч тусгай таних тэмдэг бүхий шонхор шувууны дүрстэй пайз гэрэгэ зүүн, морин өртөөгөөр нэг өдөрт 250-300 бээр /нэг бээр нь 500 метр/ газар довтолгох бөгөөд нэг өртөөнөөс нөгөөд ирэхэд түүний хоол, унд бүгд бэлэн байдаг байжээ. Хувилай хааны үед бүх өртөөний морьд нийлээд хоёр бум гаруй, өртөөний өргөө нэг түм гаруйд хүрч байсан мэдээ бий. Сонирхолтой нь мориор хүрч боломгүй бартаатай газруудад явган өртөө гарган өөр хоорондоо ойрхон байх суурин бүрт явган элч алба гүйцэтгэдэг байв. Их хаан ийм явган элч нарынхаа ачаар дөрвөн өдөрчийн газар явж ирэх мэдээг нэг хоногийн дотор хүлээн авч байсан гэдэг. Иранд сууж байсан Монголын их хаан Аргунаас Францын хаан гоо Филиппэд явуулсан бичиг тухайн үеийн аль ч улсад байгаагүй тийм гайхамшигтай хурдаар хүрсэн жигүүрт захиа хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.
Монголчууд ийнхүү дундад зууны үед хэнд ч дийлдэшгүй хүчирхэг их гүрэн байгуулсан шигээ мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн хурдаараа ч  тэр үеийн бүх улс орнуудаас хол тасархай түрүүлж байсан ажгуу. Талын нүүдэлчдийн ялагдашгүй байдгийн нууц нь дан ганц зэр зэвсэг, эр зориг, хүч чадалдаа ч биш гагцхүү асар өндөр хурдтай нь холбоотой хэмээн гадаадын зарим түүхчид үздэг нь учиртай. Мэдээллийн хурд гэдэг ямар үнэ цэнэтэй, өндөр ач холбогдолтой вэ гэдгийг өнөөгийн зууныхан андахгүй. Чухам тэр хүсэл эрмэлзэл хэрэгцээг нь бүрнээ хангасан интернэт хэмээх мэдээллийн сүлжээ дэлхийг бүхэлд нь хэрэн холбожээ. Харин эдүгээгээс 2200 гаруй жилийн тэртээ талын нүүдэлчид харилцаа холбооны шалгарсан хэлбэрийг эрэлхийлж, 800 жилийн өмнө Их Монгол улс хүчирхэгжин мандах үедээ мэдээллийн хурд, үнэ цэнийг ухаарч байсан нь гайхамшигтай. Магадгүй морин өртөөг үүсгэсэн Өгөдэй хаан өнөөгийн интернэтийн анхны санааг олсон ч юм билүү.

булш хиргисүүр

I. ОршилII. Хиргисүүрийн судалгааны байдалIII. Хиргисүүрийн он цаг, тархалт, ангилалIV. Хиргисүүрийн өнөөгийн судалгааV. Дүгнэлт
I. Оршил
Монгол оронд амьдарч байсан эртний хүмүүс нийгмийн хөгжлийн дагуу өөрийн аж ахуйг эрхлэн явуулж ирсэн ба тэдний амьдрах ухаан өргөжин тэлэхийн хирээр төмөрлөгийг нээн олж ахуй амьдралдаа хэрэглэх болжээ. Тэрхүү төмөрлөгийн анхных нь зэс байв. Байгалийн цэвэр зэсийг ашиглан гоёл чимэглэл, хөдөлмөрийн зэвсгийг хийж, урьдын уламжлалт чулуун зэвсгийн хамт хэрэглэж байсан зурвас үеийг хүн төрлөхтөний түүхэнд энеолит буюу зэс чулууны үе гэж нэрлэдэг бөгөөд энэ үеийг Монгол орны оршин суугчид дамжиж ирсэн байна. Монгол орны энеолитийн үе нь өмнөх неолитийн үеийн дэвсгэр суурин дээр уламжлагдан гарч ирсэн юм. Гэхдээ энэхүү энеолитын үе нь чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үед шилжих шилжилтийн завсрын богино үе байсан юм. Харин түүний дараагийн үе буюу хүрэл зэвсгийн үед амьдарч байсан хүмүүс, эртний хүрэл зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсан дурсгалууд, дөрвөлжин булш, хиргисүүр, буган хөшөө, хадны зосон болон сийлмэл зураг зэрэг олон төрлийн дурсгалыг үлдээсэн байна. Эдгээр хүрэл зэвсгийн үеийн дурсгалуудаас товч боловч дурдья. Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нэгэн чухал дурсгал бол буган чулуун хөшөө юм.Эрдэмтэд буган хөшөө хэмээн гонзгой урт чулууны хажуугийн дөрвөн урт талыг сайтар засч, гурав зааглан гол төлөв нүүрэн талын заримдаа нүүрэн ба ар талын оройн хэсэгт нар, сар хоёроос гурван ташуу зураас, хүний нүүрний дүрс хөшөөний их биеийг ороолгон сүрэг бугыг загварчлан дүрслэн тэдний доогуур бүс татаж, зэр зэвсэг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг хэлдэг. Евразийн хээр талын бүс нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед өргөн тархсан түүх соёлын гайхамшигт дурсгал болох буган чулуун хөшөөг эрдэмтэд 100 гаруй жилийн тэртээгээс судлаж 700 орчим буган чулуун хөшөөг олж илрүүлжээ . Буган хөшөө тал хөндий, уулын ам бэл, жижиг уул толгойн орой дээр ганц нэгээрээ буюу хэд хэдээрээ бүр арав хориороо ч тохиолдох ба мөн хиргисүүр, дөрвөлжин булшны дэргэд тэдний гадаад хана, булангийн хөшөө болгож босгосон байхаас гадна заримдаа авсны таг, хана, ёроол болгож ашигласан байдаг. Буган хөшөөг тойруулан чулуугаар цөөн хэдээс хэдэн зуун жижиг цагираг өрж үйлдсэн байх нь элбэг. Судлаачид буган чулуун хөшөөг МЭӨ II мянган жилд холбогдуулан түүнийг хүрэл зэвсгийн эцэст зарим нь бүр төмөр зэвсгийн түрүү үед үүссэн гэж үзэж ирсэн юм . Мөн Монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог, аймгуудын оюуны соёлын нэгэн чухал дурсгал бол хадны зосон болон сийлмэл зургийн дурсгал юм.Монгол нутаг хадны сийлмэл зургийн дурсгалаар дэлхийд баялаг орны нэг бөгөөд тэдний үндсэн хэсэг нь хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед хамаарна . Монгол нутгийн хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох томоохон дурсгалын нэг нь дөрвөлжин булш юм. Монгол орны төв болон дорнод бүс нутгуудаас илрүүлсэн, эртний хүмүүсийн үлдээсэн дурсгалуудын дотроос нилээд эртний хэлбэр болох хүрэл зэвсгийн үед холбогдох дурсгалыг “дөрвөлжин булш” буюу “хавтгай чулуут булш” хэмээн нэрлэсэн . Хүрэл зэвсгийн үед Монгол нутагт амьдарч байсан эртний овог аймгууд нас барсан хүмүүстээ зориулан тэгш дөрвөлжин хэлбэртэй чулуун байгууламж хийж, түүн дотроо хүнээ оршуулах зан үйл гүйцэтгэж байсан энэхүү ерөнхий зүй тогтол нь ганц манай орноор хязгаарлагдахгүй өдгөөгийн хилийн чандад орших Байгал нуурын зүүн баруун, өмнөд нутгаар, мөн Өвөр Монголын зарим хэсэгт тархсан байна. Дөрвөлжин булшийг одоогийн байдлаар 510 орчмыг малтан шинжилсэн бөгөөд эдгээрээс зарим булшинд радиокабоны задлан шинжилгээ хийж ойролцоогоор МЭӨ VII зуунд хамаарагдахыг тогтоосон юм. Гэхдээ он цагийн асуудлыг зөвхөн лабораторийн шинжилгээнд дулдуйдах биш сүүлийн үеийн судалгааны үр дүнд илэрсэн олдвор эх хэрэглэгдэхүүнийг хөрш зэргэлдээ орны болон бусад археологийн хэрэглэгдэхүүнтэй харьцуулан жишиж МЭӨ XII-VII зуунд хамааруулан үзэж байна . Бид дээрх хүрэл зэвсгийн үеийн буган чулуун хөшөө, дөрвөлжин булш зэргийг нэгбүрчлэн тоочин авч үзсэн нь бидний сонирхон буй хиргисүүртэй он цаг, оршин буй газар зүйн орчин, зохион байгуулалт зэргээрээ нягт холбоотойгоос гадна Монголын хүрэл зэвсгийн үеийн талаар товч мэдээлэл өгөх зорилгыг агууллаа.Хиргисүүр нь өнөөгийн Монгол улсын нутаг хийгээд Орос, Хятадын нутагт багтах Алтайн нурууны бүс нутаг, Шинжаны хязгаар, Байгал нуурын орчим нутагт тархсан бөгөөд монголчууд энэ дурсгалыг газар бүр янз бүрээр нэрлэж иржээ. Жишээ нь, баруун монголчууд хялгасан-хүүр, киргиз-хүүр, төв монголчуууд хэрэгсүүр гэх мэтээр ялгаатай нэрлэнэ. Харин археологийн утга зохиолуудад хиргисүүр гэсэн нэрээр дөрвөлжин буюу дугуй хүрээ чулуутай голдоо дугуй чулуун дараас бүхий эртний ёслолын байгууламж бүхий булшийг нэрлэсэн юм .II. Хиргисүүрийн судалгааны байдал
Хиргисүүрийн судлан шинжлэх ажил манай эриний XIX зууны 70-80-аад оны үед эхэлсэн ба Оросын судлаач Н.Н.Потанин , В.В.Радлов нар Монгол нутгаар хайгуул судалгаа хийж байхдаа анхааран үзэж археологичдын сонорт хүргэжээ. Оросын археологич Ю.Д.Талько-Грынцевич энэ зууны эхээр хиргисүүрийг сонирхон судалж байх үедээ хиргисүүрээс чулуун зэвсгийн үеийн болон олон үеийн дурсгал хадгалагдсан өвөрмөц дурсгал болохыг тогтоосон байна. 1920-иод оны сүүлчээр Г.Ф.Дебец , Г.И.Боровка нар хиргисүүрийг манай эрний VI-VII зууны дурсгал хэмээн үзсэн байдаг. Эдгээрээс хойш А.П.Окладников ОХУ-ын Буриадын нутагт 1947-1948 онуудад хиргисүүрийг судлан шинжилж байжээ . Мөн энэ үед хиргисүүрийн судалгааны талаар хэдийгээр бие даасан нэгэн сэдэвт бүтээл хараахан гараагүй боловч археологийн тулгуур бүтээлүүдэд нэр заан дурдагдсаар ирсэн байна. Энэ талаар Д.Наваан “Дорнод Монголын хүрлийн үе” УБ.,1975, Н.Сэр-Оджав “Эртний түүх” УБ.,1978, Т.Санжмятав “Архангай аймгийн эртний түүхийн дурсгал” УБ.,1987, Д.Цэвээндорж “Эртний урлагийн түүх” УБ.,1974 зэрэг зохиолуудыг дурдаж болно. Харин Монгол нутагт хиргисүүрийн судалгааны ажлыг үндсэн хоёр хэсэгт хуваагдан авч үзэх боломжтой юм. Үүнд, нэгдүгээрт, дурсгалын гадаад зохион байгуулалтын ангилал судалгаа, хоёрдугаарт, дурсгалын малтлага судалгаа гэсэн хоёр хэсэгт багтаж байна.Нэгдүгээр хэсгийн буюу ангилал судалгаанд Оросын судлаач В.В.Волков , Э.А.Новгородова , Ю.С.Худяков , Д.Эрдэнэбаатар , Д.Наваан зэрэг судалаачдын судалгааны ажил хамаарагдана. Эдгээр судлаачид хиргисүүрийн гадаад зохион байгуулалтыг харьцуулан судлаж үзээд үндсэн хэдэн төрлийн байгааг тодруулах оролдлогыг хийсэн байна. Энэхүү гадаад бүтэц, зохион байгуулалтын судалгааг хийснээр бүс нутгийн онцлог, эртний овог аймгуудын зан заншилаас хамааран хэлбэрийн хувьд өөрчлөгдөж байсан гэдэг дүгнэлтийг гаргасан байдаг. Хиргисүүрийн судалгааны хоёрдугаар хэсэг болох малтлага судалгааны ажил нь Өмнөд Буриад, Умард болон Төв Монголд 25 газар 46 хиргисүүр малтснаар тодорхойлогдоно. Үүнээс 20 хиргисүүрээс нь ясны үлдэгдэл гарсан байна. Эдгээрээс 9 тохиолдолд хүнээ нуруугаар нь дээш нь харуулж тэнэгэр байдалтай тавьсан бол 1 тохиолдолд хажуу бөөрөөр нь хэвтүүлээд хөлийг нь хагас нугалсан байжээ. Мөн 8 тохиолдолд толгойгоор баруун зүг, 3 тохиолдолд баруун хойд зүг чиглүүлэн тавьсан байжээ. 12 тохиолдолд хүнээ эртний өнгөн хөрсөн дээр тавьж оршуулсан бол 3 тохиолдолд 15-20 см гүнтэй булшны нүхэнд тавьсан байжээ. 11 хиргисүүрийн дараас доороос том чулуугаар хийсэн чулуун хайрцаг олджээ .Хиргисүүрийн малтлагаар эд өлгийн зүйлс бараг гардаггүй. Үүний учир нь нэг бол бүгд тоногдсон, эсвэл анхнаасаа эд өлгийн зүйлгүй оршуулдаг зан үйл байсантай холбоотой. Гэхдээ цөөн хэдэн хиргисүүрээс хүрлийн үед холбогдож болохуйц ваар савны хагархайнууд болон зарим хүрэл эдлэл олдсон бөгөөд тэдгээр нь ихэнхдээ дараасны дундаас гарчээ. Мөн 7 хиргисүүрийн төв дараасны дундаас мал амьтны яс олдсон байна. Харин хиргисүүрийн дагуул байгууламжаас адууны яс, хүрэл эдлэлүүд гардаг. Хэдийгээр хиргисүүрээс гардаг хүн малын яс хадгалалт муутай байдаг боловч цөөн хэдэн хүний гавлын яс гарчээ. Баруун болон Төв Монголоос гарсан гавлын яснууд европ төрхтэй байсан бол Сэлэнгийн хөндийгөөс гарсан хоёр гавлын яс монгол төрхтэй байжээ . Харин манай орны нутаг дэвсгэрт цөөн тооны хиргисүүрийг малтан судлаад байна. Тухайлбал, 1988 онд МЗТСХЭ-ийн хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгал судлах анги Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойролцоо 5 хиргисүүрийг малтан судалжээ. Эдгээрийн хоёр нь гадуураа дөрвөлжин хүрээтэй, уг хүрээний дөрвөн буланд чулуун жижиг дараастай, үлдсэн гурав нь гадуураа хүрээгүй байсан байна. Гурван булшнаас оршуулгын шинж тэмдэг илэрсэн бөгөөд нөгөө хоёр нь тахилга тайлгын байгууламж байсан байна . Монгол-Францын хамтарсан экспедиц 1997 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын савд 3 хиргисүүр , Монгол-Америкийн хамтарсан археологийн экспедиц 1999 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын Байрамын шилд нэгэн том хиргисүүрийг малтан шинжилсэн нь мөн нь л тахилга тайлгын байгууламж байжээ. Байрамын шилийн хиргисүүр 3 м өндөр, 22 м голдоч бүхий чулуун дараастай, дарааснаас дөрвөн зүгт дөрвөн өргөн зам татаж 60 м голдоч бүхий гаднах дугуй цагираган хүрээтэй холбосон байна. Хүрээ ба замын өргөн нь 3 м болно . 2001 онд Монгол-Бельгийн хамтарсан археологийн экспедици булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Харбухын голны баруун эрэгт нэгэн хиргисүүрийг малтан шинжилсэн байна. Энэ хиргисүүр нь гадна талаараа 25х27 м хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй. 9 м голдоч бүхий овоолсон чулуун дараастай байсан бөгөөд гадна хүрээний зүүн талд хоёр эгнээ 8 чулуун дагуул байгууламжтай. Зүүн талд мөн 5 дагуул байгууламжтай байжээ. Зүүн талын дагуул байгууламжуудыг малтан үзэхэд 30-50 см-ийн гүнд нэг нэг адууны толгойг хиргисүүр лүү харуулан тавьсан байна. Хиргисүүрийг малтах явцад дараас чулууны дороос газар ухалгүй өнгөн хөрсөн дээр тавьж дээрээс нь чулуугаар дарсан хүний оршуулга илэрчээ. Хүнээ толгойг нь баруун тийш хандуулан тэнэгэр байдалтай дээш харуулан хэвтүүлж оршуулсан байна. Хүнээ дагалдуулан тавьсан ямар нэгэн эд өлгийн зүйлс олдоогүй боловч дараас чулууг цэвэрлэх явцад чулууны завсар хоорондоос гайхалтай сайн хадгалагдсан хүрэл ооль олдсон ажээ .Мөн 1999-2000 он, 2003-2004 онуудад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Уушгийн өвөрт Монгол-Японы хамтарсан хээрийн шинжилгээний анги хиргисүүр болон буган хөшөөний цогцолбор судалгааг хийж гүйцэтгэсэн байна . Тэд Уушгийн өврийн 1-р хиргисүүрийг бүхэлд нь малтаж, гадаад дотоод зохион байгуулалт, бүтцийг нягтлан шинжилжээ. Малтлагын үр дүнд хиргисүүрийн тахилын байгууламжуудаас хойлголон тахисан адууны яс, шавар ваар савны хэлтэрхий зэрэг олдвор, хэрэглэгдэхүүн гарсан.
III. Хиргисүүрийн он цаг, тархалт, ангилал
Хиргисүүрийн он цагийн асуудлын талаар судлаачдын олон янзын саналууд байдаг. Харин эдгээрээс Оросын судлаач А.Д.Цыбиктаров , Ю.С.Худяков , П.Б.Коновалов , З.Батсайхан , Д.Эрдэнэбаатар нар хиргисүүрийг хожуу хүрэл болон скифийн үе буюу дөрвөлжин булштай нэгэн үед холбогдуулдаг бол Г.И.Боровка, А.П.Окладников, И.И.Кириллов нар түрүү дундад зуун буюу түрэгийн үед холбогдуулан авч үздэг байжээ. Өнөөгийн судалгааны түвшинд уг дурсгал хөгжингүй болон хожуу хүрлийн үед холбогдох нь тодорч байна. Үүнийг радиокарбоны он цаг болон хүрлийн үеийн бусад дурсгалтай ямар харьцаатай байгааг нь шинэ хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан харьцуулах аргуудаар батлаж байна. Умард Монголд малтсан зарим хиргисүүрийн дагуул байгууламжийн дотроос гардаг адууны ясанд хийсэн радиокарбоны шинжилгээгээр МЭӨ XV-XIII зуун гэсэн он цаг гарч байна [Giscard,1999]. Судлаачид хиргисүүрийг МЭӨ II мянган жилийн төгсгөл МЭӨ I мянган жилийн эхэн үед холбогдуулан авч үздэг бөгөөд бүтэц зохион байгуулалтыг нь авч үзвэл, нас барагсадаа гол төлөв баруун болон баруун хойд зүг рүү чиглүүлэн тавьдаг байсан нь тодорхой байна. Мөн ихэнх тохиолдолд булшны нүх ухалгүй газрын хөрсөн дээр хүнээ тавин чулуугаар дарж оршуулдаг байсан нь тогтоогдсон. Хиргисүүрийн тархалт нь Монгол улсын нутаг дэвсгэр хийгээд Орос, Хятадын нутагт багтах Алтайн нурууны бүс нутаг, Шинжаны хязгаар, Байгал нуурын орчим газрыг хамарна. Монгол орны хувьд археологийн дурсгалуудаас хамгийн элбэг тааралдах нь хиргисүүр мөн бөгөөд төв болон баруун Монголын нутагт голын уудам хөндий, өндөр уулсын бэл, энгэрт ганц нэгээрээ болон хэдэн арваараа бүлэглэн оршино. Харин дорнод болон өмнөд Монголын нутгаар бага боловч мэр сэр тааралдах нь бий. Энэ нь нэг талаараа хүрэл төмрийн түрүү үеийн нүүдэлчин овог аймгуудын нутаглах хүрээ, тухайн үеийн байгалийн нөхцөл байдал зэргээс хамаарагдах нь дамжиггүй юм. Судлаачид хиргисүүрийг гадаад зохион байгуулалтаар нь 6-7 төрөлд хуваан үзсэн байдаг . Тэд хиргисүүрийг ерөнхийд нь дөрвөлжин буюу дугуй хүрээтэй, огт хүрээгүй, дагуул байгууламжтай, дагуул байгууламжгүй зэрэг онцлог шинжүүдээр ангилан авч үзжээ. Гэхдээ энэ нь Монгол нутаг дээр оршин байгаа бүх хиргисүүрийн ангилал бус харин өөрийн үзэж харсан судалгааны хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан ийнхүү хуваасан билээ. Хиргисүүрийн ангилалыг бүрэн дүүрэн хийхэд цаг хугацаа, нарийвчилсан хайгуул судалгааны ажлын эмх цэгцтэй байдал нэн шаардлагатай байгаа билээ. Гадаад зохион байгуулалтын ангилалаас гадна хамгийн чухал томоохон ангилал бол тахил тайлгын болон оршуулгын гэсэн хоёр ангилал юм. Энэхүү ангилалыг гүйцэтгэхэд малтлага судалгааны ажил шаардлагатай байдаг тул дээр дурдсанчилан Монгол болон хөрш зэргэлдээ оронд нийт 40 орчим хиргисүүр малтснаас тал хувьд оршуулга илэрсэн сонирхолтой баримт бий. Гэхдээ эдгээр хиргисүүрүүдийн оршуулгууд нь бүгд тухайн он цаг буюу хүрэл, төмрийн түрүү үед хамаарагдахгүй болохыг анхаарах нь зүйтэй юм. Ингэж хэлсний учир нь эртний нүүдэлчдийн дунд өмнө цогцлоосон бүтээсэн булш хиргисүүрүүдэд хожим оруулмал оршуулгууд хийдэг байсан юм. Үүнийг батлах баримт Өмнөд Буриад болон Монголын төв , баруун нутагт малтсан хиргисүүрээс түрэг болон дундад зууны үеийн олдвор эх хэрэглэгдэхүүнтэй оршуулга, мөн радиокарбоны он цагын шинжилгээгээр ч хожуу үед хамаарагдах нь батлагдсан юм.
IV. Хиргисүүрийн талаарх өнөөгийн судалгаа
Энэхүү хиргисүүрийн тухай сэдвийг улам ойлгомжтой болгохын тулд өнөө үед хийгдэж байгаа хамгийн сүүлийн судалгаанаас иш татан оруулж байна. Монгол орны төв хэсэг орших Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын сав нутагт 1991-2002 он хүртэл 10 гаруй жил археологийн хайгуул, малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн билээ. Судалгааны ажлын зорилго нь тухайн бүс нутагт буй археологийн нийт дурсгалыг илрүүлж, бүртгэл мэдээлэлийн сан бүрдүүлэх, зарим археологийн дурсгалыг малтан шинжлэх явдал байв. Энэ ажлыг гүйцэтгэхэд Монголын үндэсний хээрийн шинжилгээний анги болон Монгол-Америкийн хамтарсан “Умард Монгол”, Монгол-Францын хамтарсан “Эгийн гол” төслүүд ажилласан юм .. Монгол-Америкийн хамтарсан “Умард Монгол” төслийн бүрэлдэхүүн Эгийн голын сав нутагт нарийвчилсан хайгуулыг дагнан гүйцэтгэсэн бөгөөд судалгааны үр дүнд нийт 251 хавтгай дөрвөлжин км талбайгаас янз бүрийн үеүдэд холбогдох 906 том жижиг дурсгал илрүүлсэн билээ. Үүний дотор чулуун зэвсгийн үеийн 28 бууц, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 389, дөрвөлжин булш 89, хадны зураг 3, буган чулуун хөшөө 1, хүннү булш 119, түрэг булш 3, дундад зууны үеийн булш 71, хадны оршуулга 1, эртний суурингийн үлдэгдэл 2, шинэ үед холбогдох төвд маанийн үсэгтэй чулуун хөшөө 201, сүм хийдийн турь 5 орж байна. Эдгээр хайгуулаар илрүүлсэн дурсгалуудаас хамгийн их тоотой нь хиргисүүр юм. Хиргисүүр нь Эгийн голын хөндийн бүх ам, нугад элбэг тохиолдох бөгөөд дөрвөлжин булшны тархалтаас ялгагдах зүйл бол Эгийн голын урд эрэг, түүний ам, хөндийгөөр хиргисүүр элбэг тохиолдох ажээ. Ингэснээр хиргисүүр нь тухайн үеийн овог аймгуудын тахилга тайлгын зан үйл гүйцэтгэдэг байгууламж учир нутаглаж буй газар нутагтаа олон тоотойгоор үйлдэж байсан бололтой. Хиргисүүрийн гадаад зохион байгуулалтын хувьд дугуй болон дөрвөлжин хүрээ, эргэн тойрон дагуул байгууламжтай нийтлэг хэв шинжтэй байна. Хиргисүүрийн голын овоолгын голч нь 5-25 м орчим хэмжээтэй, гадуур дугуй хүрээний голч 40-100 м орчим байх ажээ. Дагуул байгууламжууд нь ихэвчлэн тойрсон маягтай, зарим тохиолдолд зүүн талд нь 1-2 эгнээ болон ялимгүй дугуйрсан байна . Эгийн голын хөндий дэхь хамгийн том хэмжээтэй хиргисүүр нь Дархан уулын урд бэлд орших бөгөөд түүний голч нь 70 м, гадуур хүрээний голч 100 м орчим хэмжээтэй. Уг хиргисүүрийн зүүн талд хүрээний дотор дөрвөлжин хавтантай чулуун дөрвөн байгууламж бий. Хамгийн жижиг хэмжээтэй хиргисүүр нь Баянголын хөндийд, голын зүүн эрэгт 5 м голчтой гадуураа дугуй хүрээтэй нэг хиргисүүр бий. Эгийн голын хөндийд дөрвөлжин булшны тархац Баянгол, Бэлсэг, Холтост нуга, Битүүгийн цагаан, Уургын гол зэрэг 5 аманд тархсан байна. Тархалтаас ажиглахад ихэвчилэн хиргисүүрийн байршилтай давхцсан байдалтай байх бөгөөд зарим тохиолдолд хиргисүүрийн хүрээн дотор хүртэл байна. Ийм маягийн оршуулгын газрууд Эгийн голын хөндийд олон тохиолдсон бөгөөд үүнд Баянгол, Дархан уул, Эмгэнт хошуу, Бэлсэгийн хөндий зэрэг газруудыг нэрлэж болох юм. Өөрөөр хэлбэл энэ нь хиргисүүртэй нэг цаг үед юм уу эсвэл түүнээс арай хожуу үед холбогдох нь илэрхий юм. Гэхдээ үүнийг бид нарийвчилсан хайгуулын үр дүнд хүрлийн үеийн дурсгалуудын тархац, байршлыг хавтгай дээр буулган тодорхой хэмжээний судалгаан дээр үндэслэн хэлж байгаа юм. Хайгуулаар илэрсэн хүрлийн үеийн дөрвөлжин булш, хиргисүүр, хүрлийн үеийн бууц суурингуудын байршлыг ажиглагдахад тухайн бүс нутагт тодорхой хэмжээний олонлог буюу групп үүсгэн уулын томоохон ам, нугад бөөгнөрсөн байдалтай байна. Энэ нь овог аймгаараа амьдарч байсан тухайн үеийн хүмүүсийн амьдрах газар нутаг өөрийн гэсэн хил хязгаартай байсныг гэрчилэх баримт болох юм. Мөн бид хиргисүүр, дөрвөлжин булшны тархацыг зөвхөн Эгийн голын сав нутгаар хязгаарласангүй түүнээс зайтай зарим газруудад ерөнхийлсөн хайгуулын ажлыг гүйцэтгэж үзэхэд мөн л тодорхой газар нутагт бөөгнөрсөн, хоорондоо харьцангуй тусгай хэсгүүд ажиглагдаж байна. Хиргисүүрийн он цагтай давхцан байдаг дөрвөлжин булшны судалгааг давхар хийх явцад мөн нэгэн сонирхолтой зүйл ажиглагдаж байсан. Бид хайгуулаар илэрсэн дөрвөлжин булшнаас сонгон 13 газарт нийт 27 булш малтан шинжилсэн юм. Эдгээр дөрвөлжин булшнаас олдсон хүрлээр хийсэн гоёл чимэглэл, адуу малын тоног хэрэгсэл, зэвсгийн зүйлсэд хатууллагын болон химийн найрлагийн судалгаа хийхэд томоохон нуга, аманд бөөгнөрөл үүсгэн орших овог аймгуудын хүрэл боловсруулах арга ажиллагаа, химийн найрлаг зэрэг нь ялимгүй ялгаатай гарсаныг энд дурдах нь зүйтэй юм . Энэ бүх судалгаанаас үзэхэд тухайн үеийн овог аймгууд харьцангуй тусдаа, бүлэглэл үүсгэн амьдарч өөр хоорондоо эдийн засаг, нийгмийн харилцааг бүрдүүлсэн байдалтай байсан болов уу гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Бидний өмнөх судалгаа нь хиргисүүрийн гадаад дотоод бүтэц зохион байгуулалт, ангилалын асуудлыг хөндөж байсан бол сүүлийн үеийн судалгаагаар тухайн хиргисүүр, дөрвөлжин булш, хадны зургийг үлдээгч овог аймгуудын амьдарч байсан газар нутаг, хүмүүсийн амьдах орчинг тодруулах судалгааг түлхүү хийж байна. Харин одоо хайгуулаар илэрсэн хиргисүүрүүдийн зарим малтлага судалгааны үр дүнгийн талаар товч өгүүлье. Битүүгийн цагааны 2-р хиргисүүр. Уг хиргисүүр 6,5 м хэмжээтэй голчтой, дугуй хэлбэртэй, гадуураа хүрээгүй. 1997 онд Монгол, Франц, Оросын археологичид хамтран малтсан. Өнгөн хөрсний цэвэрлэгээ хийж дуусахад 6,6х7,2 м хэмжээтэй, хойноосоо урагш сунаж нурсан байдалтай чулуун дараас илрэв. Дараас чулууны зузаан 45 см орчим байх бөгөөд дараасыг зайлуулан цэвэрлэж үзэхэд дөрвөлжилж өрсөн 2,5х3 м хэмжээтэй чулуун хашлага илэрсэн юм. Энэхүү чулуун хашлага дотор цэвэрлэгээ хийж үзэхэд оршуулгын нүх болон хүн малын яс ямар нэгэн эд өлгийн зүйл илэрч мэдэгдэлгүй эх газрын хөрс гарч малтлага дуусав. Битүүгийн цагааны 5-р хиргисүүр. 13,5 м дугуй голчтой. Дөрвөлжин чулуун хүрээтэй байсан бололтой. Хиргисүүрийн хойд болон баруун талаар 2-3 м үргэлжилсэн хүрээ чулууны ор мэдэгдэх боловч бусад хэсэгт үгүй болсон байна. Хиргисүүрийн дараас чулуу нь урд тал руугаа нурж хэлбэр нь эвдэрснээс ялимгүй зууван хэлбэртэй харагдана. Өнгөн хөрсийг цэвэрлэх явцад дараасын хойд хэсгээс 2 ширхэг шавар ваарны хагархай илэрсэн. Чулуун дараасны дор төв хэсэгт нилээд эвдэрсэн шинжтэй чулуун хайрцаг гарсан бөгөөд том хавтгай чулуунуудаар уг хайрцагны ханыг хийгээд жижиг чулуугаар чигжин тогтвортой болгосон байна. Хайрцагийг том хавтгай чулуугаар таглаж битүүлсэн байжээ. Эдгээр хавтгай чулуунуудын дундаж хэмжээ нь 60х142 см байх бөгөөд хайрцагны доторхи цэвэр зай нь 103х50 см хэмжээтэй байна. Чулуун хайрцаг дотор оршуулга болон ямар нэгэн эд өлгийн зүйл илрэн олдоогүй боловч 2 ширхэг хөхөвтөр өнгөтэй хайрган чулуугаар хийсэн чулуун зэвсгийн үлдэц олдсныг цаашид үргэлжлүүлэн малтан шинжилж үзэхэд чулуун зэвсгийн үеийн бууц болох нь илэрсэн юм. 8-р чулуун байгууламж. Энэ байгууламж хоорондоо 10 гаруй метр зайтай хоёр байгууламжийн нэг нь юм. 1,2 м хэмжээтэй голч бүхий дугуй дараастай. Намхан хавтгай дараастай. 8-р байгууламжийг 2х2 м хэмжээтэй дөрвөлжин талбайгаар малтаж үзэхэд 15-20 см зузаан чулуун дараас дуусаж эх газрын хөрс гарсан ба дараас доороос оршуулга болон ямар нэгэн эд өлгийн зүйл гараагүй болно. 15-р хиргисүүр. 14 м голчтой дугуй чулуун дараастай, дөрвөлжин чулуун хүрээтэй хиргисүүр бөгөөд дөрвөлжин хүрээний талууд ертөнцийн зүг чигийн дагуу байна. Хүрээний тал бүр нь өөр өөр хэмжээтэй, зүүн талын урт 23 м, урд талын урт 18,2 м, баруун талын урт 20 м, хойд талын хүрээний хагас нь үгүй болсон ба одоо байгаа уртын хэмжээ зүүн талаас эхлээд 10 м байна. Дөрвөлжин чулуун хүрээний зүүн талаар тал саран хэлбэрээр байрласан 13 жижиг дугуй чулуун дагуулууд байсныг зүүн хойд талаас нь латин цагаан толгойн үсгийн дарааллаар дугаарлан малтсан юм. Уг хиргисүүрийн голын дугуй дараасны дээр өвс, шороон хучилга байхгүй, том том чулуугаар нэг нь нөгөөгөө дарж хучсан байдалтай. Дараас чулууны өндөр төв хэсэгтээ 1,2 м. Дугуй дараасны захын чулуунууд нь багавтар хэмжээтэй байна. Голын том дараасны 2-р үеийн малтлагад төмөр хуягны дөрвөлжин ялтас 3 ширхэг олдсон ба нэг нь хадгалалт сайн бүтэн бол нөгөө хоёр нь зэвэнд идэгдэж хэлбэр төрхөө алджээ. Дараас чулууны төв хэсгийн дор 1 м урттай 40-60 см өргөнтэй тэгшлэн зассан хад чулуугаар 3,2 м урттай 1,8 м өргөнтэй гонзгой урт хэлбэрийн хашлага өрж хийсэн байх ба уг хашлагын дотор оршуулга болон тахилга хийсэн шинж тэмдэг мэдэгдэхгүй боловч зүүн хойд талын буланд нь хашлага чулуу байхгүй байгаагаас харахад тонуулчдын гарт өртсөн байж болзошгүй юм. Дөрвөлжин хүрээний зүүн талд байх 13 жижиг дугуй дагуулын дараас чулууг зайлуулж үзэхэд 11 дагуулаас нь адууны толгой, хүзүүний яс, дөрвөн туурай зэрэг илэрлээ. Энд гол төлөв залуу, даага буюу шүдлэн адууны толгойг хошуугаар нь зүүн тийш харуулан тавьжээ. Мөн B дагуул дотор адууны толгойн ястай хамт хар хүрэн ваарны хагархай 3 ширхэг, J дагуул дотроос адууны толгойн ясны хамтаар нарийн цувимал хүрэл ороомог цагираг 3 ш, хүүхдийн гавлын ясны хэсэг, зарим шүд зэрэг илэрсэн нь анхаарал татаж байна. C,N дагуулаас ямар нэгэн эд өлгийн зүйл болон хүн, малын яс илэрсэнгүй.Бурхан толгойн хиргисүүр. Энэ хиргисүүр Бурхан толгойн өвөрт тэгш гадаргуутай дэвсэг дээр байх бөгөөд 1992 онд малтсан байна. 28-30 м голчтой зууван дугуй чулуун хүрээтэй, дугуй хүрээний төв хэсэгт 9 м голчтой дугуй хэлбэрийн чулуун дараастай. Уг дараас чулууны чанх урд талд 4х5 м хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн дараас чулуу байна. Голын дараасыг цэвэрлэн үзэхэд 20 см зузаантай байсан ба түүний дороос оршуулгын нүх, хүн малын яс илэрсэнгүй. Эндээс эх газар гарч малтлага дууслаа . Дархан уулын хиргисүүрийн 1-р дагуул. Дархан уулын урд бэлд, Хайлаантын голын баруун тал дахь уужим хөндийд буй нэг том хиргисүүрийн эргэн тойронд буй 10 орчим дөрвөлжин хэлбэртэй дагуул байгууламж байсны зүүн урд талд нь буй нэгийг сонгон малтжээ.570х550 см хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй дагуул юм. Энэ дагуулын дараас чулуу нь жигд хавтгай байх бөгөөд дараас чулууны зүүн талаар нилээд сунасан хэлбэртэй. Дараас чулууг цэвэрлэх явцад булшны зүүн урд талаас улаан өнгийн ваарны хагархай их хэмжээтэйгээр олдсон. Мөн зүүн хойд талаас гурван хянгатай 1 ширхэг хүрэл зэв гарсан. Дараас чулууг аван доош малтахад 20 см-ийн гүнд урд талаас мөн нэг хүрэл зэв гарав. Малтлагын гүн 70 см болоход эртний хөрс гарч малтлагыг зогсоов. Малтлагаар хүн, малын яс илэрсэнгүй. Холтост нугын 9-р хиргисүүр. Энэ нь хиргисүүрийн соёлд хамаарах боловч хэлбэр болон үүргээрээ ялгаатай өвөрмөц дурсгал юм. Ийм хэлбэрийн дугуй чулуун дараастай хүрээгүй байгууламжид оршуулга байдаг нь илэрхий болоод байна. Энэ булш нь Холтост нугын баруун сугын хоёр халзан хошууны өвөрт 20 орчим метрт оршино. Дараасны хэмжээ 4,5х5 м. Ялимгүй зууван дугуй хэлбэртэй, зүүн хойд талын хадан хошуунаас чулуу нурж булшны хойд хэсгийг эвджээ. Дараас чулууг зайлуулсны дараа хэмжээний хувьд ижил чулуунуудыг дугуй хэлбэртэй өрсөн байлаа. Дараагийн үеийн дараас чулууны цэвэрлэгээг хийж үзэхэд 30 см гүнд газрын хөрсөн дээр цул том чулуунуудыг тойруулан тавьсан болох нь илэрсэн бөгөөд энэхүү хүрээний дотор бага насны хүүхдийг чанх баруун тийш толгойгоор нь хандуулан оршуулсан байлаа. Уг хүүхдийг хоёр хөлийг нь жийлгэн, зүүн гарыг их биеийг дагуулан тавьж, баруун гарыг цээжийг нь дамнуулан тавьжээ. Баруун гарын шууны болон хурууны яснууд байхгүй байв. Уг оршуулгыг хүрээлж байгаа хашлага уртрагийн дагуу 190 см, өргөргийн дагуу 170 см хэмжээтэй зууван дугуй хэлбэртэй. Гүн нь 154 см. Уг оршуулганд ямар нэгэн эд өлгийн зүйлс дагалдуулан тавиагүй. Дараас чулуу болон оршуулгын байдлаас харахад тоногдсон шинжгүй байна. Эмгэнт хошууны 1-р хиргисүүр. Уг хиргисүүр дөрвөлжин чулуун хүрээтэй. Хүрээний хэмжээ тал бүр нь бараг ижил, хойд тал нь 22 м, зүүн тал 18 м, урд тал 22 м, баруун тал нь 19 м байна. Дөрвөлжин хүрээний төв хэсэгт 13 м голчтой 1 м өндөртэй уулын хад чулуугаар овоолж хийсэн дугираг дараастай. Дөрвөлжин хүрээний хойд зүүн талууд нь эвдэгдээгүй, нөгөө талууд нь нилээд эвдэрчээ. Урд талын хүрээний зүүн гадна талд 1,3х1 м хэмжээтэй 8 дугуй дагуулуудыг зүүн хойноос зүүн урагш чиглүүлэн цувруулан байгуулжээ. Голын чулуун дараасыг цэвэрлэж байх явцад 3 төрлийн ваарны хагархай 10 ширхэг илэрсэн бөгөөд 1 нь хүрэн улаан өнгөтэй, бүдүүн ширхэгтэй, хоёр дахь төрөл нь элс давамгайлсан зуурмагаар хийсэн бөгөөд 7 хагархай олдсон, гурав дахь төрөл нь солбисон жижиг дөрвөлжин хээтэй бөгөөд 2 ширхэг тус тус олдсон юм. Хүрээний гаднах 1-4-р дагуулыг малтахад хошуугаар нь зүүн зүгт хандуулан тавьсан адууны толгойны яс гарчээ. Харин 5-р дагуулаас адуу малын яс илрээгүй.Эмгэнт хошууны 2-р хиргисүүр. Эмгэнт хошууны баруун урд үзүүрт оршиж буй энэ хиргисүүр зууван дугуй хэлбэртэй, чулуун дараасны хэмжээ нь 9 м голчтой. Хиргисүүрийн зүүн урд талд 3-4 м голчтой зууван дугуй хэлбэртэй хоёр дагуул бий. Энэхүү хиргисүүр болон дагуулуудыг хамтад нь бүрэн талбайгаар малтан шинжилж үзэхэд ямар нэгэн булш оршуулга илэрсэнгүй. Харин зүүн урд талын хоёр тусдаа байгаа чулуун дарааснуудын дороос 3 ширхэг хүрэн өнгийн ваарны хагархай, чулуун зэвсгийн хугархай хэсэг нимгэн чулуун ялтас тус тус илрэн олджээ. Эгийн голд 5 газар 9 хиргисүүр ба түүнд холбогдох байгууламжийг 1992-1999 онд малтан судалжээ. Үүнд, Битүүгийн цагаанд 2, 5, 8, 15-р хиргисүүрийг, Бурхан толгойд 1 хиргисүүр, Дархан уулын хиргисүүрийн 1 дагуулыг, Холтост нугын 9-р хиргисүүрийг, Эмгэнт хошууны 1, 2-р хиргисүүрийг тус тус малтсан байна. Энэ хэрэглэгдэхүүнээс харахад Эгийн голын хиргисүүрүүд Монгол болон Тува, Өвөр Байгалийн ижил төстэй дурсгалаас онцын ялгаагүй нийтлэг оршуулгын зан үйлтэй болох нь тодров. Эдгээр хиргисүүрүүд нь 1,2-13,5 м голчтой голын дараас овгор, зарим тохиолдолд түүний гадуур байх дөрвөлжин болон дугуй хүрээ, мөн зарим тохиолдолд үүний гадуур байх дагуул байгууламжуудаас бүрдэнэ. Дагуулын тоо 2-13 хүртэл байх бөгөөд зарим тохиолдолд түүний дотроос адууны яс илэрдэг байна. Хиргисүүрийн гол дарааснаас хүрлийн үед холбогдох эд өлгийн зүйлс, хүн малын яс бараг гардаггүй. Зөвхөн Битүүгийн цагааны 15-р хиргисүүрийн доороос хөгжингүй хүрлийн үеийн афанасьевийн соёлын ваар савтай төстэй шавар савны жижиг хэлтэрхийнүүд гарсан билээ. Мөн дагуулын дотроос хүрэл зэв, хүрэл цагирган бөгж зэрэг зүйлс гардаг ажээ. Үүнд, Битүүгийн цагааны 15-р хиргисүүрийн нэгэн дагуулаас залуу адууны ясны хамт хүрэл цагирган бөгж 4 ш, Дархан уулын хиргисүүрийн нэгэн дагуулаас хүрэл зэв тус тус гарчээ . Энд тэмдэглүүштэй онцлог зүйл бол Холтост нугын 9-р хиргисүүр хэлбэрийн булш юм. Энэ булш дөрвөлжин булшнуудтай хамт нэг оршуулгын талбайд байсан бөгөөд малтлагаар толгойгоор нь баруун зүгт хандуулсан хүүхдийн оршуулга байжээ. Дээрх дурсгал гол төлөв хиргисүүртэй хамт нэг талбайд оршдог Мөнгөн-тайга хэлбэрийн гэж нэрлэгддэг оршуулгын дурсгал мөн юм. Зарим судлаачид энэхүү одоогоор бага судлагдаад байгаа өвөрмөц дурсгалыг хиргисүүрийн соёлыг үлдээгчдийн оршуулгын дурсгал болов уу хэмээн таамагладаг ажээ.
V. Дүгнэлт
Монгол нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн өв их түүхийн нэгэн хуудас болох хүрлийн үеийн чухаг дурсгал, тахил тайлгын анхны баримт болох хиргисүүрийн талаар бид товч боловч өгүүллээ. Хиргисүүр хэмээх манай улсын нутаг болон Орос Алтай, Тува, Баруун хойд Монголоос Өмнөд Буриад, Дорнод Монгол хүртэл өргөн уудам нутагт энд тэндгүй элбэг тааралдах сүрлэг бөгөөд нарийн ёс жаягтайгаар цогцлоосон дурсгалын судалгаа шинжилгээний ажил XX зууны эхэн үеэс эхлэн өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэхүү судалгааны үр дүнд хиргисүүрийг МЭӨ II мянган жилийн төгсгөл МЭӨ I мянган жилд хамаарах дурсгал болохыг судлаачид батлаж чадсан юм.Уг дурсгал нь чулуун овгор дараас түүний гадуур байх дөрвөлжин болон дугираг хүрээ үүнийг дагалдсан том жижиг хэлбэр хэмжээтэй чулуун дагуул байгууламжуудаас бүрдэнэ. Хиргисүүрийн хэлбэр хэмжээ нь нэн олон янз байх бөгөөд одоо болтол бүрэн төгс ангилал хийгээгүй байна. Хиргисүүр нь тухайн үеийн овог аймгуудын дээд тэнгэртээ мөргөж, аз хийморио даатгадаг байсан тахил тайлгын чухал цогцолбор газар мөн бөгөөд энэ нь өнөөг хүртэл монголчуудын дунд уламжлагдан ирсэн овоо хэмээх ижил зан заншилтай зүйл болон уламжлагдан ирсэн бололтой. Хиргисүүрийн малтлага судалгааны явцаас ажиглагахад төв овгорыг гадуур буй дагуул байгууламжаас адууны толгой, хөлний мөчний ясыг хйолголон тавьсан байдаг. Мөн хиргисүүрийн гаднах хүрээ болон төв овгороос хүрлийн ваар савны хагархай, хүрэл олдворууд гардаг билээ. Энэ нь тахилга тайлга үйлдэх явцад хоцорсон эд зүйлс мөн бололтой. Гэхдээ нийт хиргисүүрүүдийг тахил тайлгын зориулалтаар босгодог байсан гэж хэлэхэд арай эрт байна. Үүний учир нь малтан шинжилсэн зарим хиргисүүрээс оршуулга илэрч байгаа нь зан үйлийн хувьд нарийн учигтай зүйл байсан нь тодорхой юм. Энэ бүх асуудлыг шийдэхэд өнөөгийн түвшинд нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн нийт хиргисүүрийн нарийвчилсан мэдээлэлийн сан бүрдүүлэх, үүнд тулгуурлан нэгдсэн ангилал гаргах, хиргисүүрийг бүтээгч ар түмний аж ахуй, нийгмийн байдлын талаар дорвитой судалгаа шаардлагатай байна.

Thursday, July 19, 2012

Их Монгол Улс

Их Монгол Улс


Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны төрсөн гэгдэх газрын орчмын хөшөө
Есүхэй баатар Татаруудад хорлогдсоноос хойш Хамаг Монгол нь захирагчгүй байлаа. Түүний хүү Тэмүжин нь хагас өнчин болж бага насандаа асар их зовлон бэрхшээлийг туулжээ. Түүний эх Өэлүнг Мэргидийн Чилэдүгээс эцэг нь авсны өшөөнд Мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинг авсан байна. Эхнэрээ аврах гэж Тэмүжин эцгийн анд Ван хан Тоорил, өөрийн бага насны анд Жамухын тусламжтайгаар Мэргидийг сөнөөжээ. Энэ хэрэг явдлаар Хамаг Монгол дотроо Тэмүжиний нөлөө ихээр ихэсч анд Жамухатай өрсөлдөөн эхлэжээ. 1189 онд түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан нэртэй болжээ. 1206 он хүртэл Тайчууд, Жүрхин, Татар, Найман гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэжээ. Ингэснээр Онон голын орчимд хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг (Ехэ Монггул Улус) зарлан тунхагласан байна. Чингис хаан нь 1206-1227 оны хооронд Тангууд, Хорезм, Хар хятан, Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Түүнийг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази багтаж байв. Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ. Чингис хаан Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлжээ. Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэл газар нутаг, Цагадайд Эрчисээс Балхаш нуур, Төв Ази, дорнод Персийг, Өгэдэйд Зүүнгар, Манжуур, хойд Хятад, отгон хүү Тулуйд Монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ.
Их Монгол Улс үүссэн байдал
Өв залгамжлагч Өгэдэй хаан (1229-1241) нь гүрнийг улам тэлж, нийслэл Каракорум буюу Хархоринг байгуулжээ. Түүний удирдлага доор Их Монгол улс нь Чингис хааны дуусгаагүй Алтан улсыг эзлэж, баруун Ази, Европ руу улам тэлжээ. Өгэдэй хааныг нас барсны дараа Чингисийн үр удмууд нь нэг талдаа Зүчи, Тулуйн удмынхан нөгөө талдаа Өгэдэй, Цагадайн удмынхан гэж хоёр хуваагджээ. Өгэдэй хааны дараа 1236 оны Их хурилдайгаар түүний хүү Гүюгийг хаан (1236-1248) ширээнд залжээ. Гүюгийн дараа 1251 онд Тулуйн хүү Мөнхийг хаан (1251-1259) ширээнд суулгажээ. Мөнх хаан нь өөрийн дүү Хүлэгүг Персийг дайтахаар явуулж тэрээр 1257-1259 онуудад Персээс гадна Багдад, Кавказ, Сириг өөрийн эрхшээлдээ оруулжээ. 1260 оны Их хурилдайгаар Мөнхийн дүү Аригбөхийг хаан ширээнд залсан боловч ах Хубилайтай 1261-1266 онд нас барах хүртлээ тэмцэлджээ.

Богд Хаант Монгол Улс

Богд Хаант Монгол Улс

Богд хаан
20-р зууны эхнээс Чин улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг Хятадад нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн 1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн монголын хаад ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг 8 сард Хаант Орос улсын Санкт-Петербург руу илгээжээ. Энд Оросууд тусалцаа өгөх болно гэж шийдвэрлэж Монголд эргэн ирэхэд нь Хятадад хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасч байсныг далимдуулж 1911 оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.
1913 онд Өвөр Монголыг шинээр тусгаар тогтносон Монгол улстай нэгтгэхээр цэргүүдийг явуулсан ч, Хаант Орос, Дундад Иргэн Улс дарамт шахалт үзүүлснээр цэргүүдээ татжээ. Иймд Монгол нь тусгаар тогтнолоо зарласан ч гэсэн үнэн хэрэгтээ Хаант Орос, Дундад Иргэн Улсын шахалтад байснаар 1915 оны Гурван улсын гэрээнд Монгол улсыг ДИУ-ын автономит болж тусгаар тогтнол нь устжээ.
Харин Орос дахь Октябрын хувьсгалыг Хятадууд ашиглаж Монгол руу цэрэг илгээн 1919 онд Монголын автономийг устгах гэрээг хүчээр зуруулжээ. Энэ нөхцөл байдалд Монгол Ардын Нам (МАН) байгуулагдаж, Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр болжээ. Энэ үеэр Барон Унгерн фон Штернберг Хүрээг эзлэж, 1921 оны 3 сард дахин Хятадаас тусгаарлаж 7 сарын 6-нд хаант засгыг байгуулж, хятад цэргүүдийг хөөжээ. Харин 1921 оны 7 сарын 6-нд МАН, Зөвлөлтын цэргүүд Хүрээг эзлэж, шинэ засгийн газрыг байгуулжээ. Дараагийн хэдэн жилүүдэд ЗОУ-ын нөлөө улам ихэсч, Богд хаан нас барсны дараахан 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглажээ.

Дөчин дөрвөн хоёр

Дөчин дөрвөн хоёр

Юан гүрэн зуу гаруй жилийн турш оршин тогтносоор 1368 онд Мин улсаар солигджээ. Ингэснээр Монголчууд умард зүг рүү төрөлх нутаг руугаа зугтжээ. Мингийн арми тэдгээрийг хөөж Монголд ялалт байгуулсан ч гэсэн Монголыг эзлэж чадсангүй. Гэлээ ч гэсэн 1380 онд Каракорум болон бусад Монголын хотуудыг сүйтгэжээ. Мөн Монголчуудын олж авсан соёлын дэвшил хөгжлийг устгаж, Монголчууд XVI-XVII зууны сэргэн мандалт хүртлээ Их Монгол улсын өмнөх нүүдэлчин амьдрал руугаа эргэн оржээ. Өмнөхөөс ялгаатай нэг гол зүйл нь овгийн зохион байгуулалт биш, отог буюу газар нутгийн байршлын зохион байгуулалттай амьдрах болжээ.
Энэ үед Монголчууд ерөнхийдөө дөрвөн түмэн ойрд, халх гэж хоёр хуваагджээ. 1393 онд үхсэн Ойрадын ноён болох Мөнхтөмөрийн гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Монголын хаанд захирагдахгүйгээ зарлажээ. Ингэснээр тэд тусгаарлаж, Мин династийнхан аль хүч багатайд нь туслаж, нөгөөг нь дарах бодлого явуулж байлаа.
1418 онд Тогоон тайш гэгч ноён Ойрадыг удирдахаар боллоо. Тэрээр бүх Монголыг нэгтгэж Тайсуныг хаан болгоод өөрөө тайши (шадар сайд) нь болжээ. Түүний дараа хүү Эсэн тайши нь хятадтай дайтахаар болж байсан ч Тайсун хаан эсэргүүцэж больжээ. Тайсун хаан 1451 онд алагдснаар өөрийгөө хаанаар зарлажээ. Эсэн тайши Моголистантай байнга дайтаж байсан ба 1455 онд бослого гаргагчдад алагджээ.
Монголыг дахин нэгтгэж чадсан бол Чингис хааны удам Батмөнх Даян хаан юм. Түүний өмнө хаан байсан Мандуул нь хүүгүй байсан тул бага хатан Мандухай Батмөнхтэй сууж түүний нэрээр улсыг захирч байжээ. Мандухай нь Ойрадыг цохин Монголыг нэгтгэж чадсан ч Батмөнх нас барсны дараа Монгол буцаад өмнөх хэвэндээ оржээ.
XVI зууны үед Монгол нь Мандухай хатны үр удмууд дунд Халх, Цахар, Түмэд зэргээр хуваагджээ. Даян хааны ач Алтан (1507-1582) жинхэнэ хааны хажууд өөрийгөө ханд өргөмжилжээ. Тэрээр Хятад руу дайрч 1550 онд Бээжинд халдаж, Мин улстай найрамджээ. 1557 онд Хөх хотыг байгуулжээ. 1577 онд Төвдөд очиж Төвдийн Дээд лам Содномжамцтай уулзаад анх Далай лам гэдэг цолыг өгчээ. Энэ цагаас Алтан нь Төвдийн Буддист болжээ. Энэ үед бас Халхын Абатай сайн хан ч гэсэн Далай ламтай уулзахаар очжээ. Ингэснээр Монголын ихэнх удирдагчид Буддистууд болжээ. Абатай хан 1585 онд хуучнаар Каракорум хотын нутаг дэвсгэрийн орчимд Эрдэнэ Зуу хийдийг байгуулжээ.

ТУЛ ЗАГАС

Анги: OSTEICHTHYES – ЯСТ ЗАГАС
Бүлэг: SALMONIFORMES(SALMONOIDEI) – ЯРГАЙ ХЭЛБЭРТЭН
Овог: SALMONIDAE Rafinesque - Яргайн
Төрөл: Нucho Gunther - Тулнууд
Тодорхойлолт, бүтэц. Их бие нарийн, урт, хавтгай толгойтой. Том амтай. Доод эрүүний гавалтай нийлэх хэсэг нүдний арын ирмэгээс ард байрлана. Шүд нь эрүү тагнайгаар тасралтгүй зураас үүсгэн байрлана. Хажуу тал ба толгойн дээд хэсэг жижгэвтэр дугуй хэлбэрийн хар бараан толбоор, хажуу тал нь X-хэлбэрийн эсвэл хагас саран бараан толбоор бүрхэгдэнэ. Зарим зүйл нь хөндлөн судалтай. Түрсээ шахах үедээ бүх бие нь зэсэн улаан болно.
Тархалт. Жихүүн урсгалтай усанд идээшилнэ.Сэлэнгэ мөрөн түүний Орхон, Ерөө, Хараа, Туул, Дэлгэр мөрөн, Чулуут, Идэр, Эг, Тамир, Хануй гэх мэт бүх цутгалууд,  Онон, Балж, Хэрлэн, Улз, Нөмрөг, Халхын гол, Буйр, Хөвсгөл, Тэрхийн цагаан, Өгий, Дархадын хотгорын нууруудаар тархсан.
Хамгийн дээд хэмжээ. 1 м хүртэл ба түүнээс урт, 30-60 кг ба түүнээс их жинтэй байна (Заримдаа 80 кг хүрнэ) 10 гаран жил насална.
Амьдралын хэв маяг. Түргэн урсгалтай голын загас боловч нууранд тааралдана. Зундаа ихгүй урсгалд бэлчээрлэж, өвөлдөө том голууд, нууранд өвөлжинө. Тул бол махчин загас юм. 3 настай тулбаганы ходоодноос ч жижиг загас гарч ирэх ба жижиг загасаар (улаан нүдэн, улаан далбаат, хадран, алгана, зэвэг гэх мэт) хооллоно. Мөн усанд орж ирсэн жижиг шувуу, мэрэгчдид, хоёр нутагтнаар хооллоно.6-7 насандаа 62-71 см урттай, 2100-3800 гр жинтэй болдог. 5-7 настай, 55-60 см урттай үедээ үржлийн насанд хүрдэг. Хавар голоо өгсөн тавдугаар сард жижиг урсгал руугаа орж түрсээ шахна. Үр өгөх чадвар 10-34 мянган түрс, дунджаар 14,3 мянган түрс байна. Атуух нь хайрган хөрстэй харгианд үүр засна. Түрс босох хугацаа нь температураас хамаарч 28-38 өдөр байна. Түрсний диаметр нь 5,3-5,9 мм.
Статус. Спининг (воблер, халбагатай), флай фишинг зэрэг аргаар барьдаг сонирхогчдын барих дуртай загас юм. Сүүлийн үед хайр гамгүй агнаж устгаснаас болж тоо толгой нь цөөрсөн тул Монгол улсын “Улаан ном”-нд оруулж хамгаалах болсон. Сүүлийн үед тулыг зохиомлоор үржүүлэх санал санаачлага орноор гарч байгаа билээ.

эх сурвалж  www.fisherman.mn