Saturday, July 21, 2012

Чингисийн чулууны элшгүй бичээс

Чингисийн чулууны элшгүй бичээс

1224 оны намрын эхэн сарын шинийн 8-ны өдөр.Их орд, Хархираа голын хөндийд дэлхэн бууж овог аймгаараа нааш цааш сүлжилдэн давхилдаж нэг л хөл хөөртэй.
Чингис хаан их цэргийн хамт монгол төрийн алтан аргамж 100 элчийг харгислан хөнөөсөн Сартуулд дайлаар мордож өлмийдөө сөхрүүлээд буцаж ирсэн үе байлаа.
Эзний зарлигаар өнөөдөр баруун зүг дайлж ялсны баяр, басхүү төрийн их бичиг үсэгтэй болоод 20 он улирсны тэмдэглэлт өдөр бөлгөө. Тэмүжин "1204 он. Бид тэр жил олон ханлигын харь улсаас хараат тус тусын бичиг үсгийг халж Монгол даяар даган шийтгэх шинэ үсэг бичиг зохиолгосон нь эдүгээ..." хэмээн бодтол үүд сэвхийн нээгдэж Шигихутаг орж ирлээ. Тэрбээр мэхэсхийн мэндчилээд "Хаантан Та бичиг соёлын их ёслолд морилно уу" гэвэй.

Чингис хаан сүүн цагаан өнгөт дээл малгай өмсөж, алтан бүс бүсэлжээ. Түүний буурал сахлыг намрын сэвшээ сэрвэгнүүлэн таалж, хонин бор нүд, улаа бутарсан царайнаас нь инээмсэглэл, эргэцүүлэл гэрэлтэнэ. Их өргөөний баруун зүүн жигүүрээр эгнэн зогссон ихэс дээдэс, эрхтэн дархтан, эгэл олон мэхийн ёсолж хаантны амгаланг айлтгана. Тэгтэл баруун зүүн жигүүрийн төгсгөлөөс хуйлсан эсгий дэмнэн барьсан хоёр морьтон галигуулсаар наашилж эзэнтний өмнө жолоо татав.
Морьтон эрс эсгийгээ өндөр өргөн хуйлаасыг задлахад омголон морьд нь үргэн ухасхийснээ жолоо цулбуурын эрхэнд тогтож, агаар самардан эргэцнэ. Дун цагаан эсгий дээр монгол бичгээр "Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс эгүүрд оршмой" хэмээн зээгт наамлын аргаар урлан бичжээ. Энэхүү төрийн их бичгийн сүлд хийморийн өмнө Чингис хаан дор мэхийн хүндэтгэл үзүүлж адис авахад хурсан олон хурайлж баясна. Монгол төрийн бичиг үсгийн сүлд болох их цагаан хийморийг өргөөний өмнө түмний мэлмийд толилуулан залахад хурагсад дахин гурвантаа хурайлж хаантан суудалдаа сая залрав.
Баяр ёслол үргэлжилж овог аймгуудаас оюун билгээр шалгарсан хүүхэд, залуус үлгэр түүхийг дуудан уншиж, уран цэцэн үгс хэлэлцэн төрийн их бичиг, төрөлх хэлээрээ бахархан, төрсөн биеийн эрдмээр гайхуулна. Идэр залуу Гилүгэдэй баатар дуулал шүлгээ өргөж эмс охидын харц түүн дээр унана.
Жороо морь унаж жолоо цулбуурын хамт үйсэн самбар атгасан бичгийн мэргэд унаа хүлгийн явдал дунд бийр янтайгаа самбаачлан нийлж "Хэн хурдан болоод сайхан бичих вэ" хэмээн өрсөлдөх нь үнэнхүү сонирхууштай. Шалгаруулан дүгнэх албатай Шигихутаг, Мухулай нар огтхон ч чөлөөгүй хурдан бичээч нарын сорилго өндөрлөхөд хаантан баруун гарын алгыг олны зүг хандуулан нэгэнтээ дохив. Морьд тургилахаас өөр чимээгүй. Хаантан ийн хэлэв.
Тархай, бутархай байсан бидний улс өнөөдөр ирт сэлэм, эрх тушаалын дор бус, Монгол хэл бичиг, соёлын дор нэгдэн нягтарч чадав. Газар нутгийн заагийг дайсан этгээд даван орж ирж чадах боловч бидний зүрх, сэтгэпд орших хэл соёлын хил хязгаарыг эзлэн түрэмгийлж мөхөөх нь амаргүй билээ. Үүнээс бат нэгдэл үгүй. Бичиг минь тэнгэрт тэтгэгдэж, сум минь дэлхийг хэмжиж байг. Үүсгэсэн цэнгэлийг хөгжөөж хэний тавьсан сум хол тусахыг одоо үзсүгэй.
Тийнхүү бичиг үсгийн баяр цэргийн эрдэм сорилгоор дэлгэрэн үргэлжилж эрхийдээ эрчтэй эрсийн бах тавыг хөдөлгөнө. Баатар эрсийн тавьсан сумны исгэрэлт, багачууд хүүхдийн инээд хөөр, хөгжөөн талархагчдын уухай сонсогдоно. Мухулай, хаан андынхаа өмнө мэхийж "Таны ач, Есүнхэ мэргэн 335 алд харваж түрүүлэв" гэлээ.
Хаан баяртай мишээснээ, удтал бодол болон суув. Тэгээд суудлаасаа босч "Би нэгэн зүйл ухаарав. Есүнхэгийн энэ тавьсан сум намайг тэнгэрт хальсан дүүтэй минь учруулав. Миний дүү Хасар төрийн их бичгийг санаачлан зохиолгож, бичиг эрдмийг дэлгэрүүлсэн билээ. Түүний гавьяа тусыг сануулахын тулд өнөөдөр ач хөвгүүний сум төдий хол тусчээ. Би дүүгээ мартахыг шахсан ажгуу. Одоо бүх Монгол Улс Хасарын гавьяаг бүү мартаг.
Түүний хүү, миний ач Есүнхэгийн амжилтыг эмтэршгүй бөх чулуун дээр элшгүй эрдэнэ монгол бичгээр сийлэн мөнхжүүлтүгэй. Дүүдээ зориулсан хөшөө минь энэ болог. Үеийн үед та нар тэнгэрт тэтгэгдсэн энэ бичгээр удам судар, өв соёл, гал голомт, газар шороогоо тамгалж таньж явтугай гэвэй. Зарлигийг бишрэн даяар Монгол хурайлахад хаан Чингисийн мэлмий чийгтэж ирснээ "Хасар минь" гэж дуулдах төдий шивнэв.

No comments:

Post a Comment