Хүннүгийн шуудан дэлхийд анхдагч нь

Гайхалтай
дайчин зоримог, эрэмгий чадалтай талын нүүдэлчид Хүннү улсын төрийг
цогцлоон байгуулсан нь эдүгээгээс 2200 гаруй жилийн өмнөх хэрэг явдал.
Хүннүчүүдийн харвасан сум мэт хурдан шаламгай, хаттай сэлэм мэт тэсвэр
тэвчээртэй, харцага шонхор адил сэргэлэн цэвээ, талын чоно лугаа золбоо
хийморьтой байдал нь өмнө зүгийн улс, аймгийнхны зүрхийг чичрүүлж
зоригийг мохоосоор иржээ.
Хамгийн гайхалтай нь
Хүннүгийн хаан хил хязгаар нутаг, алс бөглүү дайдын овог аймаг хийгээд
атаатан дайсан, алалдах өштнийхөө тухай хэл сургийг бүхнээс түрүүнд
сонордон болгоож чаддаг байв. Үүнийхээ хүчинд аян дайн болоход ямагт
дайснаасаа өрсөн түрүүлж уухайлан довтолдог байжээ.
Энэ бүхний нууц нь Хүннү гүрний өргөн
уудам нутгийг хэрэн давхих уургын улаа, буухиа элч нар байсан гэдэг.
Эртний нүүдэлчдийн холбоо харилцааны анхдагч хэрэглүүр нь морьт элч,
галын дохио, дарцаг зэрэг байжээ. Энэ бүхэн нь түүхийн уртад боловсрон
хөгжиж ирсэн байна. Хүннү улсад Оуто ван буюу өртөө ноён хэмээх албан
тушаал байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэжээ. Энэ бол өртөө, улаа
хариуцсан өндөр албан тушаалтан байсан нь гарцаагүй. Хүннүгийн вангууд
яаралтай бичиг, мэдээлэл, хэл сургийг эзэн хаандаа хүргэхдээ уургын улаа
хэрэглэн буухиа элч довтолгодог байв.
Ийнхүү
Хүннүчүүдээс улбаалсан өртөө улаа дайн дажин, тэмцэл тулаант түүхийн
нугачаанд огт тасалдсангүй. Манай эриний IV зууны үед Тоба улсад
фучжучтень буюу өртөөчин гэсэн албан тушаалыг хэрэглэж байсан бол
түүнээс ялигүй хожуухан манай эриний 523 дугаар онд Жужаны хаан Аньхуань
өртөөний морь, үхэр, хонь туулгаж явсан тухай түүхэн баримт бий. Мөн
манай тооллын X зууны үед Кидан улсад хааны зарлигаар томилогдсон элчид
унаа дайчлах зар бичиг, пайз буюу гэрэгэ тэргүүтнийг олгон зам зуур нь
өртөө улаа хэрэглүүлдэг байв. Энэ бүхнээс үндэслэн Хүннүгээс үүсэлтэй
Монголын морин өртөө бол дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн
шуудан байсан гэдгийг түүхчид, эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн ажгуу. Нөгөө
талаар Монголын морин өртөө нь орчин цагийн харилцаа холбооны анхдагч
ууган төрөл болж чадсан юм.
Эзэнт гүрний элч уургын улааг халсан нь
...Өгөдэй
хаан өгүүлрүүн: "Хаан эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш
үйлдсэн минь: Жахууд иргэн /Алтан улс/-д аялж, Жахууд иргэн /Алтан
улс/-г мохоов, би. Нөгөө үйл минь бидний хооронд элч үтэрлэн
довтолгохуй, бас хэрэг заргаа зөөлгөх зам тавиулав. Бас нөгөө үйл нь
усгүй газар худаг эрүүлж, гаргуулж, улс иргэдийг ус өвсөнд хүргүүлэв.
Бас зүг зүг хот балгадын иргэдэд алгинчин /толгойлогч/, тамгачийг тавьж,
улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж агуулав, би. Хаан эцгээс хойш
энэ дөрвөн үйлсийг нэмэв зэ.
Их
Монгол улсын хаан Өгөдэй өөрийн гавьяа хийгээд гэм бурууг тоочин ийн
айлдсан тухай Монголын нууц товчоонд дурдсан буй. Өгөдэй хааны бүтээсэн
дөрвөн их үйлийн нэг нь элч үтэрлэн довтолгохуй хийгээд хэрэг зарга
зөөлгөх зам тавиулсан явдал байжээ. Тэрбээр мэдээлэгч, захирагч нарыг
бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны хувьд уургын улааг
халсан томоохон дэвшил байсан юм. Их Монгол гүрний хэмжээнд өртөө
байгуулах тухай Өгөдэй хааны зарлигт "Элч нарыг явуулахад явдал удаан,
улс иргэнд зовлон буй учир огооторшуулан /журам болгон/ зүг зүгийн
мянгатаас замчин улаачин гаргуулан, суурь суурьт зам өртөө үүсгэн элч
нарыг хамаагүй улсаар үл хэсүүлэн давхиулах ба зөвхөн өртөөгөөр явуулах
хэрэгтэй" хэмээн заажээ. Ийнхүү Их Монголын далай хааны зарлигаар 37
суурь өртөөг анх байгуулсан байна. Мянгат бүрээс суурь өртөө тутамд
улаач, унааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр тэрэг зэргийг
тогтоосон хэмжээгээр ногдуулан гаргуулах болов. Ийн суурь өртөө
байгуулснаар морин улаачид тогтсон замаар зорчиж мэдээ дамжуулах, хэл
хүргэх, зарлиг шийдвэрийг уламжлах албыг залгуулдаг болсон нь эдүгээгийг
шуудангийн үүсэл байсан гэж үзэж болох талтай.
Өртөө
зам нь зөвхөн Монгол орны дотор биш тухайн үеийн Монгол гүрний уудам
нутаг дэвсгэрийг хамран байгуулагдсан байна. Өгөдэйн зарлигаар Цагадайн
улс, Батын улс тус тусдаа салбар өртөөдийг угтуулан залгаж байгуулсан нь
өөрийн гүрнийг нэгтгэн захирч байх гэсэн Монгол хаадын мэргэн бодлого
байсан нь дамжиггүй. Тиймээс ч морин өртөө-шуудан нь Монголын их бага
хаадын үед эзэнт гүрний сүр хүчний нэгээхэн илрэл, төр улсынх нь гол
хөдөлгүүр болж байжээ. Монголын морин өртөө нь дундад зууны үеийн бусад
улс орнуудтай харьцуулахад хамгийн боловсронгуй, эзэнт гүрний нөхцөл
байдалд сайтар зохицсон хариилцаа холбооны хэлбэр байж чадсан юм.
Жишихийн аргагүй жигүүрт захиа
Монголын
их хаан Хубилайн дэргэд 17 жил алба хашсан Италийн алдарт жуулчин Марко
Пологийн тэмдэглэлд тэр үеийн эзэнт гүрний шуудан харилцааны тухай
тодорхой дурдсан байдаг. Марко Поло Монголын эзэнт гүрний шуудан
харилцаа өндөр хөгжсөн бөгөөд сайтар зохион байгуулагдсан байсныг
олзуурхан бичсэн нь бий. Морин өртөө шуудангаар явуулах зүйлийн ачааны
хүнд 70 жин буюу 42 килограмм, урт нь 13 ямх, өргөн нь долоон ямх, өндөр
нь зургаан ямх /нэг ямх нь 3,2 см/ байхаар овор хэмжээг нь нарийн
тогтоожээ. Мөн яаралтай шуудангийн гадна талд жигүүр агуулан явуулах,
"нис, нис" гэсэн үг бичих, шувууны өд, морин туурай зурж тэмдэг томьёо
хэрэглэдэг байв. Эзэнт гүрний нийслэлээс дөрвөн зүг найман зовхист муж
бүр лүү зорьсон зам зурайж тэр зам хаа хүрэхийг бичсэн байх тул төөрөх,
саатах зүйл огт гардаггүй байсан гэнэ. Энэ бол эдүгээ түргэвчилсэн
шууданд тусгай тэмдэг тавих, замын салаа чиглэлийг заадаг аргын үүсэл
байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Өртөө бүрийн хоорондох зай
25-30 бээр. Энэ нь морины хурдлах чадварт тохируулсан хэмжээ байсан
хэрэг. Өртөө бүр элчид зориулсан 300-400 морь бэлэн байлгадаг байв.
Монголчууд
морин өртөө, шууданг анх бий болгосон төдийгүй өдгөөгийн шуудангийн
маркыг мөн анх хэрэглэжээ. Эзэнт гүрний үед шуудангийн бичиг захидлын
үнийг авч лан, пунгаар тогтоож, зохих үнэ төлбөрийг авч, албан шууданд
ялгасан тэмдэг хэрэглэдэг байсан гэдэг. Энэ тэмдэг нь тухайн албан
шууданг явуулж буй газар орон болон үнийг хураасан албан газрынх байдаг
байв. Энэ нь одоогийн шуудангийн марк, тэмдэгтүүдийн эхлэл байсан гэж
үздэг.
Монголын их гүрний аль нэг
хэсэгт самуун гарсан, дайсан халдсан болон хэн нэг ноёноос их хаанд
яаралтай айлтгал өргөх хэрэг гарвал онц яаралтай элч мордуулна. Ийм элч
тусгай таних тэмдэг бүхий шонхор шувууны дүрстэй пайз гэрэгэ зүүн, морин
өртөөгөөр нэг өдөрт 250-300 бээр /нэг бээр нь 500 метр/ газар довтолгох
бөгөөд нэг өртөөнөөс нөгөөд ирэхэд түүний хоол, унд бүгд бэлэн байдаг
байжээ. Хувилай хааны үед бүх өртөөний морьд нийлээд хоёр бум гаруй,
өртөөний өргөө нэг түм гаруйд хүрч байсан мэдээ бий. Сонирхолтой нь
мориор хүрч боломгүй бартаатай газруудад явган өртөө гарган өөр
хоорондоо ойрхон байх суурин бүрт явган элч алба гүйцэтгэдэг байв. Их
хаан ийм явган элч нарынхаа ачаар дөрвөн өдөрчийн газар явж ирэх мэдээг
нэг хоногийн дотор хүлээн авч байсан гэдэг. Иранд сууж байсан Монголын
их хаан Аргунаас Францын хаан гоо Филиппэд явуулсан бичиг тухайн үеийн
аль ч улсад байгаагүй тийм гайхамшигтай хурдаар хүрсэн жигүүрт захиа
хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.
Монголчууд
ийнхүү дундад зууны үед хэнд ч дийлдэшгүй хүчирхэг их гүрэн байгуулсан
шигээ мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн хурдаараа ч тэр үеийн бүх
улс орнуудаас хол тасархай түрүүлж байсан ажгуу. Талын нүүдэлчдийн
ялагдашгүй байдгийн нууц нь дан ганц зэр зэвсэг, эр зориг, хүч чадалдаа ч
биш гагцхүү асар өндөр хурдтай нь холбоотой хэмээн гадаадын зарим
түүхчид үздэг нь учиртай. Мэдээллийн хурд гэдэг ямар үнэ цэнэтэй, өндөр
ач холбогдолтой вэ гэдгийг өнөөгийн зууныхан андахгүй. Чухам тэр хүсэл
эрмэлзэл хэрэгцээг нь бүрнээ хангасан интернэт хэмээх мэдээллийн сүлжээ
дэлхийг бүхэлд нь хэрэн холбожээ. Харин эдүгээгээс 2200 гаруй жилийн
тэртээ талын нүүдэлчид харилцаа холбооны шалгарсан хэлбэрийг эрэлхийлж,
800 жилийн өмнө Их Монгол улс хүчирхэгжин мандах үедээ мэдээллийн хурд,
үнэ цэнийг ухаарч байсан нь гайхамшигтай. Магадгүй морин өртөөг үүсгэсэн
Өгөдэй хаан өнөөгийн интернэтийн анхны санааг олсон ч юм билүү.
No comments:
Post a Comment