Friday, July 27, 2012

Хөөрөг

Хөөрөг

Picture Хамрын тамхи хийх зориулалттай мана, хаш, чүнчигноров гэх мэт үнэт чулуугаар хийсэн эд. Толгой буюу тагийг оюу болон шүрээр хийж, утгуурыг алт мөнгөөр урлах нь бий. Хөөргийг бэл бэнчингээс хамааран эвэрний яс, мод, төмөр, шил, шаазангаар хийх тохиолдол ч бий. Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлж хэрэглэдэг байжээ. Хожим уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болжээ. Хөөргийг эрэгтэй эмэгтэй хүнийх гэж ялгадаг бол бэл чинээтэй өндөр албан тушаалтнууд хавтганы, ямбаны, ширээний хөөрөг гэж хэд хэдэн хөөрөг хэрэглэдэг байв. 
Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хоёр хүн тус тусын хөөргийг гарынхаа алган дээр хагас босоо барин солилцоно. Толгойг нь үл мэдэг онгойлгон өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө мөн тэр байдлаар нь буцаан барина. Солилцохдоо харшуулан дуугаргаж болохгүй бөгөөд эвдрэлцэхийн дохио хэмээн цээрлэдэг. Хөөргөөр амар мэнд асуухаас гадна эв түнжин эвдэрсэн, хоорондоо муудалцсан хүмүүс эргэн уулзаж тамхилан санасан бодсоноо ярьж, бие биендээ өс санахгүй явъя хэмээн эвлэрэх бэлгэдлийг илэрхийлж хөөрөг зөрүүлдэг ёсон бий.
Эрчүүд хөөргөө тохируулан урласан даалинд хийж бүсэндээ зүүх буюу өвөртлөн явна. Даалинг бөс даавуу, хоргой торго, булигаар савхи зэргээр хийж түүн дээр элдэв хээ угалз хатган чимдэг. Даалин бол эхнэр хүнийг хэр зэрэг уран шагладагийг, хадам нь бэрийнхээ оёдол хатгамалд хэр зэрэг уран болохыг шалгадаг шалгуур байжээ. Бөөрөөрөө нийлсэн хос хөөрөг ч байсан бөгөөд түүнийг ихэр хүүхэд төрсөн айлд бэлэглэдэг ёсон байв.
XYII зууны үед Европод орж ирсэн тамхи Хятадаар дамжин Монголд орж ирсэн гэдэг. Хамрын тамхи татах зуршил Манж, Түвдээс Монголд нэвтэрсэн бөгөөд хөөрөг ч мөн адил хятадаас гаралтай ажээ.  Хятад хөөрөгт нас, хээ угалз, хэн хийсэн гэдэг нь чухал байдаг бол монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, толгойн хийц чухал байдаг байна. Мөн тухайн хөөргийг төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаад хэрэглэж байсан бол их үнэ цэнэтэйд тооцогддог. Монголд ихэнхдээ хутагт хувилгаад, төрийн зарим дээд албан тушаалтны хэрэглээ байгаад хожим сүм хийдээс татгалзах үед үнэ цэнээ алдаж хэрэглээ нь багасчээ. 
Хөөрөгний хийцний тухайд манж, хятад, түвд, монгол гэсэн 4 хийц голлодог бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг нь тодорхойлох тийм ч амаргүй ажээ. Хөөрөгний амсар болон мөрийг имэрч үзээд хурц байвал орчин цагийнх, мөлгөр бол эртнийх хэмээн ялгахаас гадна найман мөртэй бол их гарын хөөрөг ажээ. Жинхэнэ хаш чулуун хөөрөг удах тусмаа өнгө орж үнэ цэнэтэйд тооцогддог байна. Хаш чулуу 7 төрөл байдаг бол мана чулуу 36 төрөл бий. Чүнчигноров хөөрөг гэхэд хүний нүдний хорыг өөртөө шингээдэг бол сүйжин хөөрөг хүний биед хэрэгтэй чийгийг өгч байдаг учраас говьд ангаж цангадаггүй гэнэ. Хаш хөөргийгбадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй байх, эр эмийн ариун ёсыг сахих, зүрх сэтгэлийн амар амгаланг олох, догшин авир занг номхотгох утга бэлгэдлээр хэрэглэдэг. Манан хөөргийг ихэвчлэн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг бэлгэдэж хэрэглэдэг бөгөөд 30-аад төрлийн мана байдгийн дотор халтар мана нь саа өвчин, үе мөч татах өвчнөөс сэргийлдэг байна. Харин шар мана ухаан санаа самуурахаас сэргийлдэг байна. Шүрэн хөөргийг атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулах, муу бүхнээс хамгаалах утгаар хэрэглэдэг ажээ. Ой тогтоолтыг сайжруулах, аянга цахилгаанаас хамгаалах, шарх сорвийг эдгээх, хоолойны өвчинд тустай гэж үздэг. Номин хөөргийг байнга биедээ авч явбал элдэв яр шарх, идээт үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, мэдрэлийн ядаргаа, цус багадалт зэрэг өвчинд өртөхгүй хэмээн үздэг байна. Сүүжин буюу усан молор хөөрөг нь хүмүүст сайн энерги авчирдаг бол сувдан хөөрөг урт удаан нас, эрүүл энхийг бэлгэддэг байна.  Оюу хөөрөг нь хэрүүл тэмцлийг номхотгох, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэх, гэр бүлийн үнэнч хайр дурлалыг бататгах бэлгэ тэмдэг болдог ажээ. Оюу чулуу элбэг дүүрэн амьдрал, амны хишгийг даллан дуудагч гэнэ.

хорхог


Picture
Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Олон хүн цугларсан томоохон арга хэмжээний үед хэрэглэх хорхогийг бог малын бүтэн махаар хийнэ. Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж түүхийрүүлэхгүйгээр нимгэлж бэлтгэнэ. Харин гэдэс дотрыг арилган цэвэрлэж тусад нь чанана. Хорхог болгох үйрэхгүй бөөрөнхий нягт чулуу сонгон авна. Урсгал усанд байж мөлийж бөхөжсөн чулууг ашиглахад илүү тохиромжтой. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргалтай хольж үелж өрөөд галлаж халаана. Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж ялигүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мөн давс, сонгино, саримас зэрэг халуун ногоог тохирох хэмжээгээр хийж амтална.
Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхааралтай ажиллах ёстой. Савны тагийг завсраар нь ялигүй уур гарч байхаар хийхгүй бол аюул ихтэй байдаг. Махыг жигд болгохын тулд савтай хорхогийг сэгсрэх, өнхрүүлэх зэргээр хөдөлгөнө. Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана.
Зарим газар хорхогны чанарыг сайжруулах зорилгоор архи нэмж хийх тал бий. Гэвч спирт түргэн уурших тул хорхогийг гаргах хооронд ууршиж арилдаг учраас энэ нь ач холбогдол багатай. Хорхогийн халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий ядаргаа, харшаанд тустай гэдэг. Хорхогийг ямарч малын махаар ямар ч нөхцөлд жижиг бетон савд хээрийн нөхцөлд малын гүзээ сархинагт нь ч хийж хэрэглэх бололцоотой. Гүзээ сархинагт хийх хорхогийн чулууг гадна талын гүзээнд хүргэж цоолохгүйгээр тал талаас нь шахаж эргүүлж тойруулах зэргээр болгоно.

Tuesday, July 24, 2012

Монгол

Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийсэн археологийн ажил археологчид болон генетикчидэд дуулиантай олдвор бэлгэлэлээ. Эрдэмтдийн олсон эртний хүний цогцсын үлдэгдэл, эртний нүүдэлчин омог хүннүчүүдийн гарал үүслийг мэдэхэд тус болно. Буриадын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Наталья Коломина, хүннүчүүдийн тухай одоогоор мэдэгдээд байгаа таамналаа манай сурвалжлагч Ольга Ивановатай хуваалцлаа. Монгол, Хятадын археологчид таван жилийн туршид Монгол улсын нутагт археологийн малталт хийж, мянган жилийн настай маш олон булш олж илэрүүлсэн юм Энэ үе бол Уйгарын хаанчлалын үе юм. Энэ хаанчлал 745 онд тал нутагт байгуулагдсан бөгөөд түрэгийн омгийн холбооны Түрэгийн хаанчлалын оронд бий болсон. Түүхийн эх сурвалжаас харахад энэ эртний улс одоогийн монгол улсын бүх нутаг болон хилийн улсуудын нутаг дэвсгэрт байрлаж байсан байна гэлээ. Эндээс олдсон янз бүрийн хэлбэр, хийцтэй эртний булшнууд тус улсын түүхэн дэх цагаан толбыг арилгахад тус болно. Монгол, Хятадын хамтарсан археологийн хэсэг 2000 жил газар дор байсан настай хүний араг яс олжээ. Өвгөн хүний араг ясны үлдэгдэлийг Дүүрэнгийн Харз гэдэг толгойлогч нарыг гол төлөв оршуулсан байдаг бунханаас холгүй олсон байна. Энэ өвгөн ч тэдний нэг байсан байж болох юм. Монгол улсын дорнод нутаг, хятадын хойд хилээс холгүй олдсон энэ араг яс ойролцоогоор 2000 жилийн настай бололтой. ДНК-г шинжилж үзсэн эрдэмтэд энэ хүн европ юм уу, баруун Азиас гаралтай гэж үзсэн байна. Гэхдээ энэ хүн Хүннүгийн эзэнт улсад өндөр зэрэгтэй байсан бололтой гэж Сөүлийн үндэсний их сургуулийн генетикч Ким Гён Ён болон түүний хамтран зүтгэгчид үзэж байна гэлээ. Монгол, Хятадын археологийн хамтарсан экспедиц ойрын жилүүдэд ажлаа үргэлжлүүлнэ. Энэ төсөл, Төв Азийн эртний нүүдэлчин ард түмний соёлыг танин мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нүүдэлчин ард түмний уг гарвалыг судлахад энэ археологийн олдвор ямар үүрэг гүйцэтгэх вэ? Буриадын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Наталья Коломина энэ тухай ийм санал бодолтой байна. Хүннүчүүдийн удам угсааны бие даасан байдлын талаар янз бүрийн таамнал байдаг юм. Тэдний уг гарвалын тухай эрдэмтэдийн санал байнга зөрөлддөг юм. Тэд монгол, түрэг, енисей гаралын алинд ч хамаарч болно. Хүннүчүүд нь, Уралын нуруу, Ижил мөрөн хавийн нутаг болон Евразийн агуу их тал нутгуудын омогууд холилдож 2-4 зуунд байгуулагдсан гүннүүд ч байж болох талтай. Тэдний дунд орчин үеийн түрэг хэлтнүүд, фин, угрогийн болон славян үндэстэнгүүдийн өвөг дээдэс байсан байж болно. Гэхдээ энэ таамнал бас л маргаантай. Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс олдсон эртний араг ясны үлдэгдэл болон ДНК-гийн шинжилгээ нь Зүүн хойд Азийн ард түмний үүсэл гарал, түүхийн таагдашгүй оньсгод хариулт өгнө гэж бодож байна гэлээ. Монгол, Хятадын археологчдын энэ төсөл, Төв Азийн эртний нүүдэлчин ард түмний соёлыг судлахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна

mongolian archelogy


Saturday, July 21, 2012

Чингисийн чулууны элшгүй бичээс

Чингисийн чулууны элшгүй бичээс

1224 оны намрын эхэн сарын шинийн 8-ны өдөр.Их орд, Хархираа голын хөндийд дэлхэн бууж овог аймгаараа нааш цааш сүлжилдэн давхилдаж нэг л хөл хөөртэй.
Чингис хаан их цэргийн хамт монгол төрийн алтан аргамж 100 элчийг харгислан хөнөөсөн Сартуулд дайлаар мордож өлмийдөө сөхрүүлээд буцаж ирсэн үе байлаа.
Эзний зарлигаар өнөөдөр баруун зүг дайлж ялсны баяр, басхүү төрийн их бичиг үсэгтэй болоод 20 он улирсны тэмдэглэлт өдөр бөлгөө. Тэмүжин "1204 он. Бид тэр жил олон ханлигын харь улсаас хараат тус тусын бичиг үсгийг халж Монгол даяар даган шийтгэх шинэ үсэг бичиг зохиолгосон нь эдүгээ..." хэмээн бодтол үүд сэвхийн нээгдэж Шигихутаг орж ирлээ. Тэрбээр мэхэсхийн мэндчилээд "Хаантан Та бичиг соёлын их ёслолд морилно уу" гэвэй.

Чингис хаан сүүн цагаан өнгөт дээл малгай өмсөж, алтан бүс бүсэлжээ. Түүний буурал сахлыг намрын сэвшээ сэрвэгнүүлэн таалж, хонин бор нүд, улаа бутарсан царайнаас нь инээмсэглэл, эргэцүүлэл гэрэлтэнэ. Их өргөөний баруун зүүн жигүүрээр эгнэн зогссон ихэс дээдэс, эрхтэн дархтан, эгэл олон мэхийн ёсолж хаантны амгаланг айлтгана. Тэгтэл баруун зүүн жигүүрийн төгсгөлөөс хуйлсан эсгий дэмнэн барьсан хоёр морьтон галигуулсаар наашилж эзэнтний өмнө жолоо татав.
Морьтон эрс эсгийгээ өндөр өргөн хуйлаасыг задлахад омголон морьд нь үргэн ухасхийснээ жолоо цулбуурын эрхэнд тогтож, агаар самардан эргэцнэ. Дун цагаан эсгий дээр монгол бичгээр "Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс эгүүрд оршмой" хэмээн зээгт наамлын аргаар урлан бичжээ. Энэхүү төрийн их бичгийн сүлд хийморийн өмнө Чингис хаан дор мэхийн хүндэтгэл үзүүлж адис авахад хурсан олон хурайлж баясна. Монгол төрийн бичиг үсгийн сүлд болох их цагаан хийморийг өргөөний өмнө түмний мэлмийд толилуулан залахад хурагсад дахин гурвантаа хурайлж хаантан суудалдаа сая залрав.
Баяр ёслол үргэлжилж овог аймгуудаас оюун билгээр шалгарсан хүүхэд, залуус үлгэр түүхийг дуудан уншиж, уран цэцэн үгс хэлэлцэн төрийн их бичиг, төрөлх хэлээрээ бахархан, төрсөн биеийн эрдмээр гайхуулна. Идэр залуу Гилүгэдэй баатар дуулал шүлгээ өргөж эмс охидын харц түүн дээр унана.
Жороо морь унаж жолоо цулбуурын хамт үйсэн самбар атгасан бичгийн мэргэд унаа хүлгийн явдал дунд бийр янтайгаа самбаачлан нийлж "Хэн хурдан болоод сайхан бичих вэ" хэмээн өрсөлдөх нь үнэнхүү сонирхууштай. Шалгаруулан дүгнэх албатай Шигихутаг, Мухулай нар огтхон ч чөлөөгүй хурдан бичээч нарын сорилго өндөрлөхөд хаантан баруун гарын алгыг олны зүг хандуулан нэгэнтээ дохив. Морьд тургилахаас өөр чимээгүй. Хаантан ийн хэлэв.
Тархай, бутархай байсан бидний улс өнөөдөр ирт сэлэм, эрх тушаалын дор бус, Монгол хэл бичиг, соёлын дор нэгдэн нягтарч чадав. Газар нутгийн заагийг дайсан этгээд даван орж ирж чадах боловч бидний зүрх, сэтгэпд орших хэл соёлын хил хязгаарыг эзлэн түрэмгийлж мөхөөх нь амаргүй билээ. Үүнээс бат нэгдэл үгүй. Бичиг минь тэнгэрт тэтгэгдэж, сум минь дэлхийг хэмжиж байг. Үүсгэсэн цэнгэлийг хөгжөөж хэний тавьсан сум хол тусахыг одоо үзсүгэй.
Тийнхүү бичиг үсгийн баяр цэргийн эрдэм сорилгоор дэлгэрэн үргэлжилж эрхийдээ эрчтэй эрсийн бах тавыг хөдөлгөнө. Баатар эрсийн тавьсан сумны исгэрэлт, багачууд хүүхдийн инээд хөөр, хөгжөөн талархагчдын уухай сонсогдоно. Мухулай, хаан андынхаа өмнө мэхийж "Таны ач, Есүнхэ мэргэн 335 алд харваж түрүүлэв" гэлээ.
Хаан баяртай мишээснээ, удтал бодол болон суув. Тэгээд суудлаасаа босч "Би нэгэн зүйл ухаарав. Есүнхэгийн энэ тавьсан сум намайг тэнгэрт хальсан дүүтэй минь учруулав. Миний дүү Хасар төрийн их бичгийг санаачлан зохиолгож, бичиг эрдмийг дэлгэрүүлсэн билээ. Түүний гавьяа тусыг сануулахын тулд өнөөдөр ач хөвгүүний сум төдий хол тусчээ. Би дүүгээ мартахыг шахсан ажгуу. Одоо бүх Монгол Улс Хасарын гавьяаг бүү мартаг.
Түүний хүү, миний ач Есүнхэгийн амжилтыг эмтэршгүй бөх чулуун дээр элшгүй эрдэнэ монгол бичгээр сийлэн мөнхжүүлтүгэй. Дүүдээ зориулсан хөшөө минь энэ болог. Үеийн үед та нар тэнгэрт тэтгэгдсэн энэ бичгээр удам судар, өв соёл, гал голомт, газар шороогоо тамгалж таньж явтугай гэвэй. Зарлигийг бишрэн даяар Монгол хурайлахад хаан Чингисийн мэлмий чийгтэж ирснээ "Хасар минь" гэж дуулдах төдий шивнэв.

Баянхар уулан дахь Харь гаригийн хүмүүсийн булш

Баянхар уулан дахь Харь гаригийн хүмүүсийн булш

       http://t3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRPUfc-mARpyRFuDgGRmU6HH93s5skwWk05HV1Aq7KTlC3dKCU5PgDAmTw

1937-1938 оны зааг дээр Хятад, Төвдийн хил залгаа Цинхай мужийн Баян-Хар уул хэмээх нурууны орчим Ши Пу-Тайн удирдсан археологичдын бүлэг нэвтрэхэд бэрх бүсийг судалсан байна. Тэд хана болтол нь тэгшитгэсэн хад илрүүлжээ. Тэрхүү хаданд харлан харагдах нүхнүүд нь зөгийн аварга том үүрийг санагдуулна. Археологичдыг тоолоход нийт 716 нүх байсан ба бүгд оршуулгын зориулалттай байжээ.
      Оршуулагдсан хүмүүсийн шарил эрдэмтдийн гайхлыг төрүүлсэн байна. Араг яс нь 130 см урттай, биендээ зохицоогүй том тархитай, нарийхан үе мөчтэй байжээ. Тэрхүү ханан дээрээс ямар нэгэн оршлын бичиг олдоогүй бөгөөд гагцхүү өөр хооронд нь цэглэсэн шугамаар холбосон Hap, Cap, од гаригсыг дууриалган зурсан зургууд, мөн үл ойлгогдох бичигтэй чулуун зээрэнцэгүүд илэрчээ.
     Ши Пу-Тай үүнийг устаж үгүй болсон уулын нэг төрлийн сармагчингуудыг оршуулсан, харин зээрэнцэг, зургуудыг энэ явдлаас хожуу аж төрж байсан хүмүүс үлдээсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Гэтэл сармагчингууд нас барсан нэгнийгээ нарийн дэс дараатай зэрэгцэн орших булшинд оршуулж байсан түүх үгүй.
     Хятадын Соёлын хувьсгалын үеэр ер бусын араг яснууд алга болж, 716 зээрэнцэг бараг бүгдээрээ эсвэл устгагдсан, эсвэл алдагдсан байна. Гэхдээ зарим нэг музейд Баянхар уулаас олдсон эд зүйлс азаар хадгалагдаж үлджээ.
Тэдгээр зээрэнцэгийн гадаргуугаас дагтаршсан чулуулаг наалдцыг хусч салгахад гайхалтай зүйл илэрчээ. Зээрэнцэгүүд кобальт болон бусад металлыг ихээхэн хэмжээгээр агуулж байв. Осциллографаар зээрэнцэгийг бүхэлд нь шинжлэхэд түүнийг тог дамжуулах зорилгоор хэзээ нэгэн цагт цэнэглэж байсан мэт хэлбэлзлийн хэмнэл илэрсэн байна.
     1962 онд Бээжингийн Шинжлэх ухааны академийн профессор Цум Ум Нуй зээрэнцэг дээрх бичээсийн заримыг хөрвүүлжээ. Гэвч тэр даруй профессорын судалгааг зогсоож, олон нийтийн хүртээл болгохгүйн тулд арга хэмжээ авсан юм. Учир нь Баянхар уулын орчимд 12 мянган жилийн өмнө харь гаригийнхны сансрын хөлөг сүйрсэн тухай мэдээллийг Цум Ум Нуй тайлжээ.
     Гэвч 1963 онд тэрээр эрдэмтний зориг гаргаж судалгааныхаа үр дүнг нийтлэхээр шийдсэн байна. Түүний бүрэн илтгэл өдгөө Бээжингийн Шинжлэх ухааны академийн архив, Тайван дахь Тайбейн түүхийн архивт хадгалагдаж буй. Тайлангийн хэсгээс сонирхуулъя:
     "Үүлсийн цаанаас агаарын хөлгөөрөө дропа ирж газардав. Нутгийн кхам омгийн эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд нар мандтал агуйд арван удаа нуугдав. Эцэст нь тэд дропа нар энэ удаад хар буруу санаагүй ирснийг ойлгов". Энэ бичээсээс дропа гэгч нар Баян-Хар уулын орчимд нэг бус удаа газардаж байсан, мөн тэд нутгийн ардуудад төвөг учруулдаг байсныг ойлгож болно. Удалгүй Цум Ум Нуй Япон руу цагаачилж, чулуун зээрэнцэгүүдийг судалсан тухай сүүлчийн тайлангаа бичээд 1965 онд нас барсан байна.
     Энэ явдлын дараахан Хятад зээрэнцэгийн тухай мэдээллийг үгүйсгэжээ. Гадаадын нэг эрдэмтэн Цум Ум Нуйн судалгааны талаар лавлаж Бээжингийн шинжлэх ухааны академид хандахад манайд ийм судлаач ажиллаж байгаагүй, тэр ч байтугай ийм нэртэй хятад хүн байдаггүй, кхам омгийн тухай ямар нэг мэдээлэл, баримт үгүй гэсэн хариу авсан байна.
     Хэсэгтээ намжсан энэ түүх 1979 онд дахин сөхөгдсөн юм. Австрийн сэтгүүлч Петер Красса сансрын гийчидтэй холбоотой элдэв домог, түүхийг сонирхон судалж, ном бичжээ. "Шар бурхад хэзээ ирсэн бэ?" номондоо тэрээр оньсогот зээрэнцэгийн асуудлыг хөндсөн байв. Харь гаригийнхны сэдэвт ээлжит бага хурлын дараа түүн дээр өөрийгөө инженер Эрнст Вегерер гэж танилцуулсан дунд насны хүн ирж, 1974 онд эхнэртэйгээ Хятадад очихдоо Баян-Хар уулын зээрэнцэгийг санагдуулам зүйл үзсэнээ хуучилжээ.
     Тэд Хятадын эртний хотуудын нэг Сианиар дайран гарсан байна. Энэ хотоос холгүй орших Баньпо хэмээх музейг чулуун зууны үеийн тосгоны суурин дээр байгуулсан байв. Музейн үзмэр дунд голдоо нүхтэй хоёр зээрэнцэг байхыг эхнэр, нөхөр Вегерер олж харжээ. Тэдний хувьд энэ нь бөөн завшаан болсон юм. Зургийг нь авч болох эсэхийг лавлахад музейн захирал эмэгтэй татгалзсангүй. Харин зээрэнцэгийн тухай сонирхоход захирал ээрч гацсанаа эдгээр нь шавраар хийгдсэн, эртний хүмүүс зан үйлдээ ашигладаг байсан, манай музейд зөвхөн шавар зүйл л тавигдсан байгаа гэжээ.
     Гэхдээ зээрэнцэгүүд харваас шавар биш байлаа. Вегерер гартаа барих хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд захирал мөн л зөвшөөрчээ. Зээрэнцэгүүд нэлээн жин татаж байв. "Би геологич биш л дээ. Гэхдээ гантиг чулуугаар хийгдсэн юм шиг санагдсан. Ямартаа ч энэ нь ногоон-саарал өнгөтэй, боржин чулуу шиг хатуу материал байсан. Захирал эмэгтэй эдгээр зээрэнцэг музейд ямар шугамаар ирсэн тухай ямар нэг мэдээлэлгүй байлаа" гэж Вегерер ярив.
     1994 онд Петер Красса Хятадад ирж, Баньпо музейгээр зочилжээ. Гэтэл 20 жилийн өмнө Вегерер зургийг нь авсан зээрэнцэгүүд байсангүй. 70-аад оны дунд үед музейн захирлаар ажиллаж байсан эмэгтэйг Европоос ирсэн хосыг зочилсны дараахан татаж, сураг нь алдарчээ. Музейн одоогийн захирал профессор Ван Жижүн зээрэнцэгүүдийг үзмэрээс хасаж, тэр цагаас хойш хэн ч барааг нь хараагүй гэжээ. Тэрээр: "Та бүхний сонирхлыг татаж байгаа тэр зээрэнцэгүүд одоо энд байхгүй. Учир нь тэдгээрийг хийсэн материал нь музейн үзмэрүүдээс тэс өөр юм" гэж хэлсэн байна.
     Сэтгэл нь гонсойсон Красса захирлыг элдэв асуултаар булж гарав. Аргаа барсан захирал түүнийг албан өрөөндөө оруулаад археологийн хятад сурах бичгийн хуудсыг эргүүлж гарав. Тэгснээ тэрээр нэг зураг руу хуруугаараа чичжээ. Тэр зурган дээр голдоо нүхтэй зээрэнцэг дүрслэгдсэн байв. Тэр бол Вегерер зургийг нь авсан өнөөх алдартай Баян-Хар уулын зээрэнцэг мөн байлаа.
     Нутгийн хууч яриа, домогт шар арьстай, үзэшгүй муухай зүстэй одой хүмүүс тэнгэрээс буусан тухай өгүүлдэг. Английн архивуудад 1947 онд Баян-Хар уулаар аялсан доктор Кэрил Робин-Эвансын тухай мэдээлэл хадгалагдаж байдаг. Тэрээр уулын орчим аж төрж байсан зопа хэмээх үндэстнийг илрүүлжээ. Зопа нар гадаад ертөнцтэй ямар нэг холбоогүй, алслагдсан ууланд амьдардаг бөгөөд өндрөөрөө 120 см орчим хүмүүс байв.
     Робин-Эванс тэдний дунд хагас жил амьдарчээ. Энэ хугацаанд тэрээр зопа нарын хэлийг сурч, түүхийг судалж, зан заншлыг ажиглажээ. Тэрхүү эрдэмтний хамгийн гайхалтай нээлт нь зопа үндэстний гарлын тухай домог байлаа. Тэд өөрсдийгөө Сириус гаригаас ирсэн хүмүүсээс гаралтай гэж үздэг байжээ. Зопа нарын өвөг дээдэс төрөлх гариг руугаа буцаад нисч чадаагүй бөгөөд Баян-Хар уулын бэлд амьдрахаар болжээ.
     1995 оны сүүлээр Төвдтэй хил залгаа Хятадын Сычуань мужид аж төрдөг, өдий хүртэл хүн төрөлхтний мэддэггүй омгийг нээсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг уламжилсан байна. Тэр омгийнхон ердөө 120-иодхон хүнтэй. Нэг гайхалтай онцлог нь тэдний өндөр юм. Хамгийн нуруулаг нь 1 метр 15 см-ээс хэтрэхгүй. Тэд арай өнөөх зопа, эсвэл кхам омгийнхны үр сад биш биз дээ? 
эх сурвалж http://ikhzasag_enh_ulzii.miniih.com/

Хүннүгийн шуудан дэлхийд анхдагч нь

Хүннүгийн шуудан дэлхийд анхдагч нь


Өртөө мэдээЦагаан хэрмээс хойшхи их уудам тал нутаг умардын нүүдэлчдийн уугуул нутаг бөлгөө. Хараа алдрам өргөн саруул тал, нүд гялбам сүрлэг цаст хайрханууд, дуулим түнэр ой шугуй нь тэрхүү нүүдэлчин овог аймгуудын эртний өлгий буюу. Өмнөд газрын шавар хэрэмд шавааралдан суух нангиадууд тэдний улсыг нум сумтны улс хэмээн нэрийднэ.  
Гайхалтай дайчин зоримог, эрэмгий чадалтай талын нүүдэлчид Хүннү улсын төрийг цогцлоон байгуулсан нь эдүгээгээс 2200 гаруй жилийн өмнөх хэрэг явдал. Хүннүчүүдийн харвасан сум мэт хурдан шаламгай, хаттай сэлэм мэт тэсвэр тэвчээртэй, харцага шонхор адил сэргэлэн цэвээ, талын чоно лугаа золбоо хийморьтой байдал нь өмнө зүгийн улс, аймгийнхны зүрхийг чичрүүлж зоригийг мохоосоор иржээ.
Хамгийн гайхалтай нь Хүннүгийн хаан хил хязгаар нутаг, алс бөглүү дайдын овог аймаг хийгээд атаатан дайсан, алалдах өштнийхөө тухай хэл сургийг бүхнээс түрүүнд сонордон болгоож чаддаг байв. Үүнийхээ хүчинд аян дайн болоход ямагт дайснаасаа өрсөн түрүүлж уухайлан довтолдог байжээ.
Энэ бүхний нууц нь Хүннү гүрний өргөн уудам нутгийг хэрэн давхих уургын улаа, буухиа элч нар байсан гэдэг. Эртний нүүдэлчдийн холбоо харилцааны анхдагч хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг зэрэг байжээ. Энэ бүхэн нь түүхийн уртад боловсрон хөгжиж ирсэн байна. Хүннү улсад Оуто ван буюу өртөө ноён хэмээх албан тушаал байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэжээ. Энэ бол өртөө, улаа хариуцсан өндөр албан тушаалтан байсан нь гарцаагүй. Хүннүгийн вангууд яаралтай бичиг, мэдээлэл, хэл сургийг эзэн хаандаа хүргэхдээ уургын улаа хэрэглэн буухиа элч довтолгодог байв.
Ийнхүү Хүннүчүүдээс улбаалсан өртөө улаа дайн дажин, тэмцэл тулаант түүхийн нугачаанд огт тасалдсангүй. Манай эриний IV зууны үед Тоба улсад фучжучтень буюу өртөөчин гэсэн албан тушаалыг хэрэглэж байсан бол түүнээс ялигүй хожуухан манай эриний 523 дугаар онд Жужаны хаан Аньхуань өртөөний морь, үхэр, хонь туулгаж явсан тухай түүхэн баримт бий. Мөн манай тооллын X зууны үед Кидан улсад хааны зарлигаар томилогдсон элчид унаа дайчлах зар бичиг, пайз буюу гэрэгэ тэргүүтнийг олгон зам зуур нь өртөө улаа хэрэглүүлдэг байв. Энэ бүхнээс үндэслэн Хүннүгээс үүсэлтэй Монголын морин өртөө бол дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн шуудан байсан гэдгийг түүхчид, эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн ажгуу. Нөгөө талаар Монголын морин өртөө нь орчин цагийн харилцаа холбооны анхдагч ууган төрөл болж чадсан юм.
Эзэнт гүрний элч уургын улааг халсан нь
...Өгөдэй хаан өгүүлрүүн: "Хаан эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн минь: Жахууд иргэн /Алтан улс/-д аялж, Жахууд иргэн /Алтан улс/-г мохоов, би. Нөгөө үйл минь бидний хооронд элч үтэрлэн довтолгохуй, бас хэрэг заргаа зөөлгөх зам тавиулав. Бас нөгөө үйл нь усгүй газар худаг эрүүлж, гаргуулж, улс иргэдийг ус өвсөнд хүргүүлэв. Бас зүг зүг хот балгадын иргэдэд алгинчин /толгойлогч/, тамгачийг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж агуулав, би. Хаан эцгээс хойш энэ дөрвөн үйлсийг нэмэв зэ.
Их Монгол улсын хаан Өгөдэй өөрийн гавьяа хийгээд гэм бурууг тоочин ийн айлдсан тухай Монголын нууц товчоонд дурдсан буй. Өгөдэй хааны бүтээсэн дөрвөн их үйлийн нэг нь элч үтэрлэн довтолгохуй хийгээд хэрэг зарга зөөлгөх зам тавиулсан явдал байжээ. Тэрбээр мэдээлэгч, захирагч нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны хувьд уургын улааг халсан томоохон дэвшил байсан юм. Их Монгол гүрний хэмжээнд өртөө байгуулах тухай Өгөдэй хааны зарлигт "Элч нарыг явуулахад явдал удаан, улс иргэнд зовлон буй учир огооторшуулан /журам болгон/ зүг зүгийн мянгатаас замчин улаачин гаргуулан, суурь суурьт зам өртөө үүсгэн элч нарыг хамаагүй улсаар үл хэсүүлэн давхиулах ба зөвхөн өртөөгөөр явуулах хэрэгтэй" хэмээн заажээ. Ийнхүү Их Монголын далай хааны зарлигаар 37 суурь өртөөг анх байгуулсан байна. Мянгат бүрээс суурь өртөө тутамд улаач, унааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр ногдуулан гаргуулах болов. Ийн суурь өртөө байгуулснаар морин улаачид тогтсон замаар зорчиж мэдээ дамжуулах, хэл хүргэх, зарлиг шийдвэрийг уламжлах албыг залгуулдаг болсон нь эдүгээгийг шуудангийн үүсэл байсан гэж үзэж болох талтай.
Өртөө зам нь зөвхөн Монгол орны дотор биш тухайн үеийн Монгол гүрний уудам нутаг дэвсгэрийг хамран байгуулагдсан байна. Өгөдэйн зарлигаар Цагадайн улс, Батын улс тус тусдаа салбар өртөөдийг угтуулан залгаж байгуулсан нь өөрийн гүрнийг нэгтгэн захирч байх гэсэн Монгол хаадын мэргэн бодлого байсан нь дамжиггүй. Тиймээс ч морин өртөө-шуудан нь Монголын их бага хаадын үед эзэнт гүрний сүр хүчний нэгээхэн илрэл, төр улсынх нь гол хөдөлгүүр болж байжээ. Монголын морин өртөө нь дундад зууны үеийн бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн боловсронгуй, эзэнт гүрний нөхцөл байдалд сайтар зохицсон хариилцаа холбооны хэлбэр байж чадсан юм.
Жишихийн аргагүй жигүүрт захиа
Монголын их хаан Хубилайн дэргэд 17 жил алба хашсан Италийн алдарт жуулчин Марко Пологийн тэмдэглэлд тэр үеийн эзэнт гүрний шуудан харилцааны тухай тодорхой дурдсан байдаг. Марко Поло Монголын эзэнт гүрний шуудан харилцаа өндөр хөгжсөн бөгөөд сайтар зохион байгуулагдсан байсныг олзуурхан бичсэн нь бий. Морин өртөө шуудангаар явуулах зүйлийн ачааны хүнд 70 жин буюу 42 килограмм, урт нь 13 ямх, өргөн нь долоон ямх, өндөр нь зургаан ямх /нэг ямх нь 3,2 см/ байхаар овор хэмжээг нь нарийн тогтоожээ. Мөн яаралтай шуудангийн гадна талд жигүүр агуулан явуулах, "нис, нис" гэсэн үг бичих, шувууны өд, морин туурай зурж тэмдэг томьёо хэрэглэдэг байв. Эзэнт  гүрний нийслэлээс дөрвөн зүг найман зовхист муж бүр лүү зорьсон зам зурайж тэр зам хаа хүрэхийг бичсэн байх тул төөрөх, саатах зүйл огт гардаггүй байсан гэнэ. Энэ бол эдүгээ түргэвчилсэн шууданд тусгай тэмдэг тавих, замын салаа чиглэлийг заадаг аргын үүсэл байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Өртөө бүрийн хоорондох зай 25-30 бээр. Энэ нь морины хурдлах чадварт тохируулсан хэмжээ байсан хэрэг. Өртөө бүр элчид зориулсан 300-400 морь бэлэн байлгадаг байв.
Монголчууд морин өртөө, шууданг анх бий болгосон төдийгүй өдгөөгийн шуудангийн маркыг мөн анх хэрэглэжээ. Эзэнт гүрний үед шуудангийн бичиг захидлын үнийг авч лан, пунгаар тогтоож, зохих үнэ төлбөрийг авч, албан шууданд ялгасан тэмдэг хэрэглэдэг байсан гэдэг. Энэ тэмдэг нь тухайн албан шууданг явуулж буй газар орон болон үнийг хураасан албан газрынх байдаг байв. Энэ нь одоогийн шуудангийн марк, тэмдэгтүүдийн эхлэл байсан гэж үздэг.
Монголын их гүрний аль нэг хэсэгт самуун гарсан, дайсан халдсан болон хэн нэг ноёноос их хаанд яаралтай айлтгал өргөх хэрэг гарвал онц яаралтай элч мордуулна. Ийм элч тусгай таних тэмдэг бүхий шонхор шувууны дүрстэй пайз гэрэгэ зүүн, морин өртөөгөөр нэг өдөрт 250-300 бээр /нэг бээр нь 500 метр/ газар довтолгох бөгөөд нэг өртөөнөөс нөгөөд ирэхэд түүний хоол, унд бүгд бэлэн байдаг байжээ. Хувилай хааны үед бүх өртөөний морьд нийлээд хоёр бум гаруй, өртөөний өргөө нэг түм гаруйд хүрч байсан мэдээ бий. Сонирхолтой нь мориор хүрч боломгүй бартаатай газруудад явган өртөө гарган өөр хоорондоо ойрхон байх суурин бүрт явган элч алба гүйцэтгэдэг байв. Их хаан ийм явган элч нарынхаа ачаар дөрвөн өдөрчийн газар явж ирэх мэдээг нэг хоногийн дотор хүлээн авч байсан гэдэг. Иранд сууж байсан Монголын их хаан Аргунаас Францын хаан гоо Филиппэд явуулсан бичиг тухайн үеийн аль ч улсад байгаагүй тийм гайхамшигтай хурдаар хүрсэн жигүүрт захиа хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.
Монголчууд ийнхүү дундад зууны үед хэнд ч дийлдэшгүй хүчирхэг их гүрэн байгуулсан шигээ мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн хурдаараа ч  тэр үеийн бүх улс орнуудаас хол тасархай түрүүлж байсан ажгуу. Талын нүүдэлчдийн ялагдашгүй байдгийн нууц нь дан ганц зэр зэвсэг, эр зориг, хүч чадалдаа ч биш гагцхүү асар өндөр хурдтай нь холбоотой хэмээн гадаадын зарим түүхчид үздэг нь учиртай. Мэдээллийн хурд гэдэг ямар үнэ цэнэтэй, өндөр ач холбогдолтой вэ гэдгийг өнөөгийн зууныхан андахгүй. Чухам тэр хүсэл эрмэлзэл хэрэгцээг нь бүрнээ хангасан интернэт хэмээх мэдээллийн сүлжээ дэлхийг бүхэлд нь хэрэн холбожээ. Харин эдүгээгээс 2200 гаруй жилийн тэртээ талын нүүдэлчид харилцаа холбооны шалгарсан хэлбэрийг эрэлхийлж, 800 жилийн өмнө Их Монгол улс хүчирхэгжин мандах үедээ мэдээллийн хурд, үнэ цэнийг ухаарч байсан нь гайхамшигтай. Магадгүй морин өртөөг үүсгэсэн Өгөдэй хаан өнөөгийн интернэтийн анхны санааг олсон ч юм билүү.